Шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгсөн юм. 

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, эсэргүүцэл /протест/ бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос дөнгөж сая хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцуулж, шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

AIBA-гийн шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ.

Тулааны дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогттой товч ярилцлаа.

Тэрээр тоглолтын талаар “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан. Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан. Би Азийн наадмаас медаль авахыг маш их хүсч байсан. Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ итгэлтэй байна. Шүүлтийн талаар манайхан асуудал гаргаж тавих байх. Цаашид яаж шийдэгдэхийг хүлээж байя даа. Маш харамсалтай байна” гэлээ.

Холбоотой бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Инчёнд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

 

Post by MSPU.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж