Н.Төгсцогт: Рингэн дээрээ бол би ялсан

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт: Рингэн дээрээ бол би ялсан

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая БНСУ-ын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдлаа. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгснөөр боксын тэмцээн болж буй Сонхак ордонд шүүлтийн булхайг эсэргүүцсэн эсэргүүцэл өрнөж байна.

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, протест бичээд байна. 

AIBA-гийн шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ. Харин Н.Төгсцогтын энэхүү тулаан онцгой илт луйвар учраас одоо бичлэгийг тусгай гурван шүүгч томилон шүүлгэнэ гэж байна. Яг энэ цаг мөчид Н.Төгсцогтын болон Энэтхэгийн эмэгтэй 60 кг-ын тамирчдын тоглолтыг дахин шүүж эхэллээ

Тулааны дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогттой товч ярилцлаа.

Тэрээр тоглолтын талаар “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан. Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан. Би Азийн наадмаас медаль авахыг маш их хүсч байсан. Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ итгэлтэй байна. Шүүлтийн талаар манайхан асуудал гаргаж тавих байх. Цаашид яаж шийдэгдэхийг хүлээж байя даа. Маш харамсалтай байна” гэлээ. 

Холбоотой бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

МҮОХ-ноос Н.Төгсцогтын тоглолтын шүүлттэй холбоотойгоор Зохион байгуулах хороонд албан тоот явуулав. 

 

Инчёнд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж