-ҮЦТТТХТ-ийг Сангийн яаманд шилжүүлж, арилжааны төлбөр тооцоог Монголын хөрөнгийн биржид эзэмшүүлэхийг эсэргүүцэв-
Үнэс цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх 292 дугаар тогтоолд Засгийн газраас энэ сарын 18-нд гаргасан юм. Энэхүү тогтоолыг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийнхөн шүүмжлэлтэй хандаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тогтоолоор “ҮЦТТТХТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Сангийн яам, үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны үйл ажиллагааг Монголын хөрөнгийн биржид 100 хувь шилжүүлсэн байна. Гэтэл Монголын хөрөнгийн биржийн олон сая долларын өр одоог хүртэл барагдаагүй, хувьчлагдах жагсаалтад орсон төрийн байгууллага байтал байхад ҮЦТТТХТ-ийг шилжүүлж өгсөн нь оновчгүйгээр барахгүй хувьцаа эзэмшигчдийг хохироох эрсдэлтэй талаар өнөөдрийн хурлаар онцоллоо. Өөрөөр хэлбэл, ингэснээр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг Монголын хөрөнгийн биржийн өрөнд зарцуулагдаж болох эрсдэлтэйг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа хэлсэн юм.
Дансны хуулгаа нягталж, ногдол ашгаа аваарай
Одоогийн байдлаар ҮЦТТТХТ-д хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болох 11 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна. Хувьцаа эзэмшигчид өчнөөн олон жилийн турш ногдол ашгаа авч амжаагүй, хэрхэн авахаа мэдэхгүй байдаг. Эсвэл аливаа нэгэн компанийн хувьцаа худалдан аваад ногдол ашгаа авч чадалгүй нас барсан тохиолдол их байдаг ажээ. Тэгвэл нас барсан хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хуулийн дагуу ойр төрлийн хүн нь өвлүүлэн авах боломжтойг Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Алтаншагай хэлсэн юм. Ийнхүү ҮЦТТТХТ-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, холио солио хийж байх явцад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг зориулалт бусаар ашиглагдах эрсдэл үүсч болох ажээ. Тиймээс аливаа нэгэн компанийн хувьцаа эзэмшдэг бол Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирж, дансны хуулгаа нягтлан, аваагүй үлдсэн ногдол ашиг байгаа бол авахыг анхаарууллаа.
У.БОЛОР