Герман хамгаалагчид дүрвэгчдийг доромжилжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Герман хамгаалагчид дүрвэгчдийг доромжилжээ

Германы хойд Рейн-Вестфалиа мужийн Бурбах дахь дүрвэгсдийн байрны хамгаалалтын зургаан ажилтан орогнол хүссэн гадаадын иргэдийг доромжилсон хэрэг шуугиан тарьжээ. Герман хамгаалагчдын зүй бус авир сэтгүүлчийн гар утсаар хийсэн бичлэг, зургаар нотлогдож буй аж. Тухайлбал, Герман хамгаалагчид Алжир гаралтай эрэгтэйн гарыг нь гавлаж, шалан дээр түрүүлгээ харуулан хэвтүүлээд хүзүүн дээр нь гутлаараа гишгэсэн зураг, настай эрэгтэйг зодно хэмээн айлган сүрдүүлж, бөөлжистэй гудсан дээр хэвтүүлж буй бичлэг цагдаа нарт ирсэн байна. Энэ талаар Германы Хаген хотын цагдаагийн дарга Франк Рихтер  “ийм зураг, бичлэгийг Гуантанамогийн шоронгийн хоригдлуудын амсдаг доромжлолоос харж байлаа” хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн энэ хэрэгт Германы канцлер Ангела Меркель анхаарал хандуулсан гэдгийг төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Бурбах дахь дүрвэгсдийн байранд 700 дүрвэгч амьдардаг аж. Харин хамгаалалтыг нь “Ski” нэртэй хувийн хамгаалалтын компани хариуцдаг аж.

 

Дайн, тулааны хөлөөс дайжсан Сири, Ирак, Балканий хойгийн орнуудын дүрвэгсэд Европын орнууд дундаас Герман улсыг илүүтэй зорьдог байна. Энэ 2014 онд Герман улс 200 мянган дүрвэгч хүлээж авах квот тогтоожээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж