Цахилгаанаас болж гал гарсан байж болзошгүй
"MCS" компанийн захиалгаар зочид буудлын зориулалтаар баригдаж байгаа Шангрила барилгад өнөөдөр 12.49 минутад гал гарч, барилгын гадна тал тэр чигтээ шатлаа. Онцгой байдлын газрын аврах гал унтраах ангийн 40 алба хаагч хоёр цаг шахам хугацаанд ажиллаж галыг нурманд оруулсан юм. ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж " Цахилгаанаас үүдэн гал гарсан гэх таамаг байна. Аврах гал унтраах ангиудын шаттай машин нь 35 метрийн урттай буюу ердөө 12 давхраас дээш үүрэг гүйцэтгэж гал унтраах боломжгүй байдаг байна. Нийслэлд өндөр шилэн барилгууд нилээдгүй баригдсан энэ үед цаашид эдгээр барилгад гал гарсан тохиолдолд нисдэг тэрэг ашиглах нэн шаардлагатай" гэж мэдээллээ.
15:16
23 хүнийг аварч гаргасан гэв
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Шангрила зочид буудлын барилгад гарсан галыг бүрэн унтрааж дууссан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг галын дуудлага 12:49 –цагт ирсэн бөгөөд үүнээс 6 минутын дараа гал унтраах ажилнууд ирсэн аж. Анх ирэхэд барилгын чийг тусгаарлах резинэн бүрээс дээд давхруудад ихээр шатсан байдалтай байсан бөгөөд барилгаас 23 хүнийг аварч гаргасан гэнэ.
Ийнхүү Онцгой байдлын газрын 6 машин 40 албан хаагч, цагдаа, эмнэлгийн байгууллагынхан цаг алдалгүй ажилласны дүнд эндсэн гэмтсэн хүнгүйгээр галыг бүрэн унтраажээ. Урьдчилсан таамаглалаар цахилгаанаас болж гал гарсан гэнэ.
14:54
Галыг бүрэн унтраасан гэв
Шангрила зочид буудлын барилгад 13,30 цагийн орчимд гарч эхэлсэн галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын газрын ажилтнууд мэдээлэл өглөө. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр уг барилгад цахилгааны холболтыг хийсэн байсан, 7 давхарт гагнуурын ажил хийж байснаас гал алдсан байж болзошгүй, дулаалгын хөөсөнцөрт гал авалцсанаас ийнхүү өргөн цар хүрээг хамарсан хэмээн үзэж буй аж.
14:39
Барилгаас бүх ажилчдыг гаргасан гэв
Шангрила зочид буудлын барилгад гарсан галын голомтыг дарж, цар хүрээг багасгасан, дээд давхрын хэсгүүдэд унтрааж амжаагүй хэсгүүд байгаа талаар мэдээлэл өглөө. Албаныхны өгч буй мэдээллээр барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан гэнэ.
14:14
Галын цар хүрээ багасч байна
Хараахан хүлээлгэн өгөөгүй байсан Шангрила зочид буудлын барилгад гарч буй галын цар хүрээ багасч байна. Нийслэлийн онцгой байдлын 8 машин ажиллаж буй бөгөөд барилгын хажуу талуудын гал унтарч, дээд давхрын багахан хэсэгт унтраагүй байгаа аж. Онцгой байдлын газрын өргөгч крануудын шат 5 хүртэл давхарт хүрэн ажиллаж буй бөгөөд барилга хоосон байсан тул гал аажмаар өөрөө унтарч байгаа гэнэ.
13:57
Барилга дотор хүмүүс үлдсэн гэв
Шангрила зочид буудлын зориулалттай барилгад гарч буй гал дунд давхраас дээд давхарт шилжиж, баруун талаас дахин гал нэмэгдэн гарсаар байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр дээд давхарт 20 орчим хүн байгаа бөгөөд биднийг авраарай хэмээн дуудлага өгсөн гэнэ. Яг одоогоор гал унтраах 2 ангийн 5 тасаг ирцгээсэн бөгөөд дахин эмнэлгийн машин, гал унтраах ангийнхан ирцгээж буй аж.
Уг барилга нь 500 сая ам.долларын өртөгтэй, бүтцийн хувьд хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсгийн барилгажилт 2014, хоёрдугаар хэсгийн барилгажилт 2015 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байсан юм.
Нэгдүгээр хэсэг нь 24 давхар бүхий 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг, “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, 5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд худалдаа, үйлчилгээний хэсэгт 8 танхимтай кино театр, электрон тоглоомын танхимаас бүрдэх юм.
13:38
Хүүхдийн паркын дотор баригдаж буй MCS компанийн Шангрила зочид буудлын барилга дээр гал гарсаар байна. Уг барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд анх 7 давхарт гал гарч эхэлсэн гэнэ. Яг одоогоор галын цар хүрээ нэмэгдэж байгаа бөгөөд гал унтраах анги хүч нэмэгдүүлэн ажиллаж буй аж.
Гэрлэх ёслолын ордны зүүн талд, Хүүхдийн паркын хажуу талд баригдсан барилгад яг одоо гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрынхан галын дуудлагын дагуу ирцгээгээд байна. Галын шалтгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ, Д.ЖАРГАЛСҮРЭН