“Арсенал”, “Бавария” нар шөвгийн наймд

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“Арсенал”, “Бавария” нар шөвгийн наймд

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний хариу тоглолтууд өнгөрсөн шөнө
явагдаж, хоёр баг Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

Лондон хотын “Арсенал” өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхдээ “Порто”-г
хүлээн авч тоглон, 5:0 харьцаатай бут ниргэснээр Аваргуудын лигийн
дөрөвний нэг шигшээд шалгарсан юм. “Порто”-гийн талбайд хийсэн эхний
тоглолтдоо 2:1-ээр хожигчихоод байсан “Мэргэн буучид” тоглолтын эхний
хагаст л тасалбараа гартаа атгасан гэж болно. Данийн хөлбөмбөгч Никлас
Бентнер тоглолтын 10 болон 25 дахь минутад гоолдсоноор тоглолтын эхний
45 минут өнгөрч, улмаар хоёрдугаар хагаст Насри /63’/, Эбуэ /66’/ нар
өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Тоглолтын үндсэн цаг өндөрлөж,
шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Бентнер торгуулийн цохилтоор тооны
харьцааг 5:0 болгосноор тоглолт өндөрлөсөн байна. Хэдийгээр
португальчуудад гоолын боломж нэг бус удаа тохиосон ч “Мэргэн
буучид”-ын хамгаалалтыг сэтэлж, хаалгыг нь мялаах завшаан олдсонгүй.
Тоглолтын дараа “Арсенал”-ын дасгалжуулагч Арсень Венгер “Төгс төгөлдөр
тоглолт байгаагүй ч бид маш сайн, хүчирхэг байж чадлаа. Тоглолтын эхний
хагаст бид гайхалтай байсан, гэхдээ хоёрдугаар үеийн эхэн үед бага
зэрэг санаа зовлоо. Харин Насригийн гоол бүхнийг өөрчилсөн. Түүнээс
хойш тун амархан хожил авлаа” гэжээ.
Мөн энэ үеэр Италийн Флоренц хотын “Артемио Франки” цэнгэлдэхэд
“Фиорентина” болон Бундеслигийн төлөөлөгч “Бавария Мюнхен” нарын хариу
тоглолт явагдаж, 3:2 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн
байна. Хоёр багийн эхний тоглолтод “Бавария” 2:1-ээр хожсон бөгөөд
хэдийгээр нутгийнхаа талбайд ялалт байгуулсан ч айлын талбайд оруулсан
гоолын дүрмээр “Фиорентина” Аваргуудын лигийг орхих болжээ. Тоглолтын
28 дахь минутад “Фиорентина”-гийн Варгас тооны харьцааг нээсэн бөгөөд
54 дэх минутад Йоветич гоолдож, талбайн эзэд 2:0-ээр хошуучлах болсон
байна. Гэвч удалгүй 60 дахь минутад Ван Боммель өрсөлдөгчийнхөө
хаалганд бөмбөг оруулснаар цуврал тоглолтын харьцаа 3:0 болж тэнцсэн
юм. Гэтэл ердөө дөрөвхөн минутын дараа Йоветич дахин гоолдож,
цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөжээ. Гэхдээ
энэ байдал хоромхон зуур өөрчлөгдөж, Йоветичийн гоолоос хойш ердөө
72-хон секундын дараа “Бавария Мюнхен”-ий довтлогч Роббен багтаа ялалт
авчирсан чухал гоолыг оруулсан байна.
Энэ үдэш Аваргуудын хасагдах шатны ээлжит хариу тоглолтууд явагдах
бөгөөд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” талбайдаа “Льон”-ыг хүлээн
авах бол “АС Милан” “Манчестер Юнайтед”-ын Олд Траффордод зочилно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж