Д.Отгондалай медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай медалийн болзол хангалаа

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас чөлөөт бөх, боксчдын тамирчид өрсөлдсөнөөс медалийн болзолыг нэг тамирчин хангалаа.

Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Киргизстаны боксчин Аккол Сулайманбектэй учраа тааран 29:25, 29:26, 29:26-ын харьцаагаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй аравдугаар сарын 2-нд тулалдана.

Харин 69 кг-д Б.Түвшинбат хүрэл медалийн төлөө Казахстаны боксчид ялагдсан бол 75 кг-д Н.Шинэбаяр Кувейтийн боксчинг ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Н.Шинэбаяр маргааш хүрэл медалийн төлөө Филиппиний боксчинтой тулалдана.

Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Манай гурван бөх дэвжээнд гарснаас Т.Түвшинтулга, Ж.Чулуунбат нар хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдлаа.

Маргааш Монголын ДОЛООН боксчин рингенд гарна. Тэдний дунд хүрэл медалийн болзол хангаад байгаа эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг Казахстаны боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдах юм. Мөн эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар хүрэл медалийн төлөө тулалдана.

Боксын тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.

Ийнхүү Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 4 мөнгөн, 10 хүрэл, нийт 18 медаль хүртсэн амжилтаар 45 орноос 13-р байрт жагсаж байна. 

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж