Түүх соёл, байгаль экологийн “Ганга нуурын чуулган” хэмээх төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг анх удаагаа Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 9-р сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.
“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологийн өдрүүдийн үеэр олон түмний анхаарлыг татсан нэгэн үйлс болсон нь Ганга нуурэн эхэнд 12 км ойн зурвас байгуулах эхлэлийг тавьсан явдал байлаа.
Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ус үлэмж татарч түгшүүрийн харанга дэлдээд байсан юм. Экологич, доктор, профессор С.Чулуунхуяг, систем судлаач, доктор, профессор Б.Болдсайхан нар Дарьгангын эко системийн онцлог, түүнийг хамгаалах асуудлын талаар илтгэл тавьж, “Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялалын багийнхан, ой судлаач Д.Сугарсүрэнгийн заавраар Ганга нуурын хөвөөнд үрэл, бургас, улиас тэргүүт 500 мод тарьв.
Хойшид Дарьгангад аялан зорчиж буй хүн болгон нэгээс доошгүй мод тарьж эх болсон байгалиа хамгаалахад буян үйлдэхийг уриалав.
“Ганга нуурын чуулган” Дарьгангын түүх соёл, нүүдэлчдийн ахуй, зан заншлыг сэргээх хийгээд байгаль экологийн тэнцвэрийг хамгаалах үйлсийг нэгэн цогц бодлого болгон хэрэгжүүлэхээр төслөө боловсруулсан нь оролцогсодын талархалыг хүлээж байв.
Цаашид Ганга нуурын ойролцоо мод үржүүлгийн газар буй болж, ойн зурвасыг өргөжүүлэх бөгөөд Дарьганга нутаг дах ховор эмийн ургамалыг үржүүлэн тарьж Гангын анхилуун цэцэрлэгт хүрээлэн бий болгох аж. Мөн санаачлагчид “Ганга нуур сан” байгуулахаар тогтжээ.
Ч.БОРГИЛ