635 орчим сая төгрөгийн борлуулалт хийв

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

635 орчим сая төгрөгийн борлуулалт хийв

“Намрын ногоон өдрүүд”-ээр 635 орчим сая төгрөгийн борлуулалт хийв

Жил бүрийн намрын налгар өдрүүдэд болдог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, арга хэмжээ ес дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг бөгөөд нийслэлчүүдийг шинэ хүнсний ногоо, үндэсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм. Энэ жилийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс -2014”, “Алтан намар-2014” үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд есдүгээр сарын 20-ноос 26-нд, “Шилмэл мал -2014” үзэсгэлэн худалдаа нь Хүй долоо худагт есдүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд болов. “Эрүүл хүнс-2014”  үзэсгэлэн худалдааны тухайд, 1284 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нийт 140 гаруй дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар оролцож,  150 сая төгрөгийн борлуулалт  хийсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах зорилготой энэхүү арга хэмжээгээр шинэ содон зүйл ихийг санаачилж, хийсэн байна. Тухайлбал, “Халуун зайдас, хачиртай хиам”, “Амтат талх, алаг бялуу” ,Ногоон хүнс-эрүүл амьдрал”, Органик Монгол ” өдөрлөгүүдийг зохион байгуулж, хоол бэлтгэх шоу үзүүлбэр, дуудлага худалдаа, органик бүтээгдэхүүнээр хоол хийх, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэх технологийн заавар, зөвөлгөөг хүмүүст сонирхуулсан нь олны анхаарлыг ихэд татсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай болон Хүнсний тухай хуулийг таниулж, бүтээгдэхүүнй сав баглаа боодол болон маркетингийн зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулсан байна.

“Алтан намар -2013” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн таван дүүргийн нийт 320 ногоочин, дөрвөн аж ахуй нэгж, 12 хоршоо, дөрвөн төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамал бүтээгдэхүүнээр оролцсон байна. Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 8 аж ахуйн нэгж байгууллага 16 нэр төрлийн 52 ширхэг техник, тоног төхөөрөмжийг танилцуулж оролцжээ. Үзэсгэлэнд оролцогчид 520.5 тонн төмс, 635.6 тонн хүнсний ногоо, 8000 шил нөөшилсөн ногоо,  2.9 тн  зөгийн бал, 150 кг байгалийн эмийн ургамал худалдсан байна. Түүнчлэн  1.8 тонн чацаргана, 0.1 тонн үхрийн нүд, 3.5 тонн байгалийн жимс аньс, чацаргана, нэрс, долоогоно, нохойн хошуу/ 500 ширхэг чацарганы суулгац, 800 ширхэг үхрийн нүдний суулгац, 300 ширхэг чимэглэлийн суулгац, 100 ширхэг гүзээлзгэний суулгац, 50 ширхэг тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүн худалджээ. Эдгээр борлуулалтын нийт дүн  634.7 сая төгрөг болсныг албаныхан онцлов.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хөдөө аж ахуйн техник худалдаалдаг компаниуд өөрсдийн нийлүүлдэг техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, техникийн ашиглалт, засвар үйлчилгээний талаарх сургалт хийжээ.

Газар тариалангийн арвин туршлагатай монголчуудын хувьд жил ирэх тусам шинэ технологи “нутагшуулах”-ыг эрмэлзэж буй. Тиймдээ ч дээрх арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон оролцогч дундаас шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгж, шилдэг төслийг шалгаруулж урамшуулсан байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж