-Монхидро констракшн ХХК Хэрлэн-Тооно УЦС-ын судалгааг будилаангүй хийсэн гэв-
“Монхидро констракшн” ХХК Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийг хууль бусаар ялсан, хийх ажлынхаа төсөвт өртгийг завшсан гэх зэрэг мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах болсон. Тэгвэл тус компани болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас үүнтэй холбоотой мэдээллийг өгөхөөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд, “Монхидро консракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж нар ирж мэдээлэл өгсөн юм.
Тус компани “Хэрлэн-Тооно усан цахилгаан станц ба Зүүн өмнөд говийн усан хангамж”-ийн төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн нэг жилийн хугацаанд гүйцэтгэж, өнгөрөгч дөрөвдүгээр сард хийж дуусгасан байна. Энэ төслөөр “Хэрлэн-Тооно” усан цахилгаан станцыг байгуулж, тэндээс Зүүн өмнөд Говийн бүсэд орших төв суурин, уул уурхайн үйлдвэрүүдийг усаар хангах гол шугам хоолойн трасс байгуулах зорилготой ажээ. Ингэснээр ирээдүйд бүтээн босгох Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, “Цагаан суварга”-д барьж буй зэсийн баяжуулах үйлдвэр, “Оюутолгой”, “Тавантолгой”-д шаардлагатай усыг хангах боломж бүрдэх юм байна. Одоогоор энэхүү бүс нутгийн хооронд ус дамжуулах системийн төслийн ажилд шаардлагатай судалгааны ажил дуусч, Усны нөөцийн комиссоос хариу хүлээж байгаа ажээ. Ийнхүү сүүлийн үед хууль бус тендер зарласан, өндөр төсвөөр судалгаа хийсэн гэсэн мэдээлэлд албаныхнаас тайлбар авлаа.
“Монхидро констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж:
“Манай компани Хэрлэн голын судалгааны ажлын тендерийн сонгон шалгаруулалтад Прэстиж гэж компанитай өрсөлдөж ялж, 950 гаруй сая төгрөгийн өртөгтэй тендер авсан. Ер нь монголчууд гадаргынхаа усыг ашиглаж чаддаггүй. Нэг тоолоход нэг секунд, ингэхэд 100 мянган литр ус урд хөрш рүү урсч байна. Нэг м3 ус гадаад зах зээлд 3000 төгрөгийн үнэтэй. Монголоос жилдээ 800 сая шоо метр ус урсч гардаг. Гэтэл монголчууд гадаргын усаа малаа услах байдлаар л ашиглаж байна. Тэгвэл Хэрлэн гол дээр далан боомт байгуулж, гадаргын усаа ашиглах тухай төсөл боловсруулсан юм. Нутгийн иргэд анхандаа сайн мэдээлэл, ойлголтгүй байсны улмаас Хэрлэн голын усын 10 хувиийг л ашиглая гэхэд эсэргүүцдэг байлаа. Одоо бол Хэрлэн голын урсацын 50 хувийг ашиглаж болно гэж биднийг дэмждэг болж байна. Завхан нутагт байдаг Тайширын усан цахилгаан станцыг анх барьж байхад Завхан голыг таслах нь гэж бөөн хэл ам дэгдэж байсан бол одоо усан цахилгаан станц амжилттай ажиллаж байна шүү дээ. Үүнтэй л адил. Гэтэл сонин хэвлэлд намайг Х.Баттулга гишүүнтэй ойр дотных учир тендерт ялсан гэх юм. Тийм зүйл огт байхгүй. Хуулийн дагуу тендертээ оролцож ялалт байгуулж, Хэрлэн голын судалгааны ажлаа хийж дуусгасан.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд:
“Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Хэрлэн голын усны судалгаанд Монхидро констракшн компани гурав орчин тэрбум төгрөг зарцуулсан гэж ташаа мэдээлж байна. Бүс нутгийн хооронд ус дамжуулах системийн тендерийг өнгөрсөн жилийн долдугаар сард зарласан бол наймдугаар сарын 21-нд Монхидро компани шалгарсан. Тус компанийн гүйцэтгэсэн Хэрлэн голоос ус татах буюу бүс нутгийн усан хангамжийн төсөлд шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах өртөг 950 гаруй сая төгрөг. Энэ өртгөөрөө Монхидро констракшн компани чанарын өндөр төвшинд ТЭЗҮ-гээ хийж гүйцэтгэсэн. Харин гурван тэрбум төгрөгийн өртөгтэй судалгааны ажил нь Бүс нутгийн усан хангамжмийн төслийн гүний усны хайгуулынх. Энэ ажлыг Тунгалаг ус компани мөн амжилттай гүйцэтгэж, Усны нөөцийн комиссоос шийдвэрийг бас хүлээж байгаа юм. Энэ хоёр ажлыг ялгаж салгах хэрэгтэй.
-Хэрлэн голд усан цахилгаан станц байгуулж, бүс нутгийн ус дамжуулах системээр дамжуулснаар говийн усан хангамжийг хэдий хэмжээгээр шийдэх боломжтой болох вэ?
-Энэ төслийн хүрээнд нөөцийнхөө 10-15 хувийг л ашигласнаар Говийн бүсэд орших уул уурхайн том үйлдвэрлэлүүд болох Сайншанд, Цагаан суварга, Оюутолгойд шаардлагатай усыг хангаж чадна. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдаж, бүрэн чадлаараа ажиллахад жилд 80 сая шоо метр, Оюутолгойд жилд 40 сая шоо метр ус шаардлагатай. Тэгвэл жилд нийт 120 сая шоо метр усыг Бүс нутгийн ус дамжуулах систем буюу Хэрлэн голын усан цахилгаан станцаар шийдэх нь байна.
-Одоогийн байдлаар төслийн явц судалгааны шатандаа явж байгаа бол хэзээ бүтээн байгуулалт эхлэх вэ?
-Одоо Усны нөөцийн комиссоос хариу ирсэний дараа нь ажлын зураг гаргана. Ажлын гаргахад 500-600 сая ам.долларын өртөгтэй. Энэхүү өртгийг шийдвэрлэж чадвал шууд ажлын зураг гаргаж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Гэхдээ ус дамжуулах хоолой өргөн, нарийн, дан, хос труба тавих зэргээс хамаарч өртөг өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бид уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь хямд үнээр гаргаад байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болгож, илүү ашиг олохын тулд уул уурхайн үйлдвэрлэлд усан хангамж зайлшгүй хэрэгтэй. Тиймээс л бүс нутгийн хооронд ус дамжуулах системийг нэвтрүүлэхээр зэхэж байна.
У.БОЛОР