-“Улсын эрдэнэ” өргөмжлөлийн төслийг хэлэлцлээ-
“Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийт, соёл урлагын салбарын мэргэжилтэн, төлөөлөгчдийн дунд хэлэлцүүллээ. Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар монголчуудын соёлын биет бус өвийн тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын эрдэнэ” өргөмжлөл, хөтөлбөрийг санаачилсан юм.
Уг өргөмжлөлийн эзнийг хэрхэн тодруулж байх, ямар байдлаар алдаршуулан сурталчлах, соёлын өвийг тээгчдийг тодруулж урамшуулах тухай зохицуулалт бүхий уг журмын төслийг боловсронгуй болгох талаар санал зөвлөмжийг энэ үеэр сонслоо. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдоос төрийн өргөмжлөлийг ямар нэртэй байх эсэх, иргэний харьяалалаар хязгаарлах эсэх тухай асуулга гарч байв.
Төслөөр “Улсын эрдэнэ” өргөмжлөл нь алтан мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй байх, өргөмлөлийг Ерөнхиийлөгчийн зарлигаар жил бүр үндэсний Цагаан сарын баярыг тохиолдуулан 9 хүртэлх өвлөн уламжлагчид хүртээх, дагалдах мөнгөн шагналын хэмжээг 5 сая төгрөг байлгах зэрэг зохицуулалттай аж.
Өөрийн үндэсний соёлын өвийг тээгч нь нийгэмд үнэлэгддэггүй байдлыг өөрчилж, өв тээгчийг улсын эрдэнэ мэт харах цаг болсон талаар шүүмж гарч байсан бөгөөд төрийн зүгээс ядаж нийгмийн болоод эрүүл мэндийнх нь даатгалыг даах боломж бий эсэх тухай саналууд ч онцлогдож байлаа.
Б.МАНД