МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийнхээ нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийж байна. Тэдний жагсаал хийх болсон шалтгаан нь хичээлийн бэлтгэл хангагдаагүй, батлагдаагүй хөтөлбөрөөр хичээл эхлүүлсэн, төвлөрөл хүнд, суртал ихэссэн, оюутнуудыг дотуур байраар хангахгүй байгаагаас гадна МУИС-ийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө оюутны эрх үүрэг, оюутны байгууллагын статус, эрх зүйн орчин зэргийг огт тусгаагүй, сиси систем хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болоогүй зэргээс болсон гэнэ. МУИС-ийн оюутны холбоо дээрх асуудлуудаа тусгасан шаардлагыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Болдбаатар, МУИС-ийн захирал А.Галтбаяр нарт хүргүүллээ.
Тэд шаардалгынхаа хариуг ойрын хугацаанд авах бөгөөд хариу өгөхгүй тохиолдолд дараагийн алхам руугаа шилжин тэмцлээ үргэлжүүлнэ гэв.
Ингээд МУИС-ийн захирал А.Галтбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай оюутнууд өнөөдөр жагсаж байна. Ингэхдээ таван асуудлыг тавьж байгаагийн нэг нь оюутны байрны асуудал байна. Нөхцөл байдал яг ямар байгаа вэ?
-Оюутны дотуур байрандаа энэ жил бид 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн засвар хийсэн. Та бүхэн манай дотуур байраар яван ямар нүүр, царайтай болсныг нь харж болно. Ялангуяа бид дээвэр, цонхыг нь сайжруулан дулаан алдагдалыг нь багасгасан. Энэ жил оюутны дотуур байранд орохыг хүссэн бүх оюутнууд орсон. Тэр байтугай бид магистр, докторын ангид суралцаж байгаа оюутнуудыг хүртэл хоёр, хоёроор нь оюутны дотуур байранд оруулсан.
-200 ор сул байгаа гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Энэ жил хөдөөнөөс ирж суралцаж байгаа хүүхдийн тоо хот, хөдөөгийн хүүхдүүд 50/50 гэсэн харьцаанаас болоод буурсан. Мөн урьд нь оюутны байранд гадны хүмүүс оруулдаг байсан өрөөнүүдийг гаргаж ирсэн. Түүнчлэн 1000 оюутны байр ашиглалтад ороод тодорхой оюутнууд тийшээ явсан учраас дотуур байранд орох хүүхдийн тоо бага байгаа. Оюутны холбооныхон дотуур байрны үлдсэн 200 сул орноос мөнгө авах ёстой гээд байгаа юм. Харин бид тэгэхгүй. Бид мөнгөний төлөө оюутны дотуур байрыг байгуулаагүй учраас хүүхдүүдээ цөөнөөр нь тав тухтай байлгах үүднээс тэдгээр хоосон өрөөнд өнөөдөр дөрвүүлээ амьдарч байгаа оюутнуудад гурвуулаа байрлах боломжийг нь олгоно.
-Оюутны холбооны санхүүжилтийг зогсоон өрөөг нь хурааж авсан гэсэн.
-Оюутны холбоо бол ТББ. Манай дүрмэнд энэхүү байгууллагын удирдлагыг сонгохдоо шууд бүх оюутны сурлагын мэдээллийн системийг ашиглан сонгууль явуулах ёстой гэж үзсэн. Энэ сонгуулийг зөв явуулах хэрэгтэй гэдэг санал л оруулсан. Өөрөөр хэлбэл бид тэдний улиран сонгогдох системийг өөрөөр явуулая гэхэд л тэд эрх зөрчлөө гэж яриад байгаа.
-БШУЯ-наас зөвшөөрөгдөөгүй хөтөлбөрөөр сургалт явуулаад байгаа гэсэн асуудлыг мөн тавьж байна?
-Энэ бол ташаа мэдээлэл. МУИС-ийн хувьд өнгөрсөн жилээс өөрөө хөтөлбөрөө баталдаг болсон. Урдных шиг хатуу цаасан дээр тийм хичээл гэж заагддаг байсан нь больсон. Оюутан хичээлээ сонгоод суралцаж байгаа. Бид нийт хөтөлбөрөө баталсан байгаа. Одоо яригдаад байгаа МУИС-ийн хэмжээнд батлагдаагүй хөтөлбөр гэдэг нь өнгөрсөн зун дөрвөн хөтөлбөрийг нэмж сайжруулах шаардлагатай гээд буцаасан. Ерөнхий суурь хөтөлбөр дээр асуудал байхгүй байгаа. Түүний дараагийн мэргэжлийн хөтөлбөр дээр үүнийгээ сайжруул, сонголтыг нь их болго гэсэн шаардлага тавиад байгаа юм. 70 хөтөлбөрөөс зөвхөн энэ 4 хөтөлбөрийг л сайжруул гэсэн, бусад нь бүгд өнөөдөр хэрэгжээд явж байна. Салбарын яам нь их, дээд сургуулиудын хөтөлбөрийг батлахаа больсон гэдгийг тэд ойлгоогүй бололтой.
-Салбар сургуулиудын захирлыг яагаад өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа юм бэ?
-Өнгөрсөн хавар бүх салбар сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийг томилсон. МУИС-ийн шинэ дүрмийг маргааш Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Энэ дүрмэндээ бид захирлын сонгон шалгаруулалтыг яаж явуулах вэ гээд бүх зүйлсийг оруулж байгаа. Түүгээрээ захирлаа сонгоно.
Өнөөдрийн энэхүү оюутнуудын тайван жагсаал бол улс төрийн хүчний зохион байгуулалттай үйл ажиллагаа. Түүнээс биш үнэхээр манай сургууль асуудалтай байсан бол өнөөдөр 20-иод оюутан цуглахгүй шүү дээ. Манай Улаанбаатарын нийт сургуульд 16 мянга гаруй оюутан сурдаг.
Г.ДАША
Эх сурвалж: www.eagle.mn