“Next Stop-2013” наадмаас тодорсон нийгэм, улс төрийн “Оны залуу” Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Толгойг олборлох тойм зураглал”, эдийн засаг, бизнесийн “Оны залуу” “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж “Уул уурхай-хөрөнгө оруулалт- хөрөнгийн зах зээл” сэдвээр өнөгрсөн бямба гаригт лекц уншжээ. Лекцэнд ирсэн залуучуудын дундаас азтан тодруулж, яруу найрагч Ц.Хулан, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, нийтлэлч Баабар нарын гарын үсэгтэй ном бэлэглэж, Монголын хамгийн анхны салхин сэнсний дурсгалын зурагны азтан болгожээ. Илтгэлүүд тун удахгүй МЗХ-ны сайтад бүрэн эхээрээ тавигдах ажээ.
Энэ удаагийн “Оны залуу”-ын лекцийн үеэр 2014 оны “Next Stop” наадмаас тодрох “Оны залуу”-чууд хэн байх бол гэсэн таамаг яригдаж, хүмүүсийн сонирхлыг татаж эхэлжээ. Уг наадмын түүхээс сөхвөл 1992 оноос эхлэн нийгэм, улс төр, эдийн засаг бизнесийн “Оны залуу” тодруулдаг “Next stop” наадмыг зохион байгуулж ирсэн. Анхны “Next Stop” –ын улс төр нийгмийн салбарын “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар н Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 28 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байна.
Д.ЦЭЭНЭ