Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Хөндөгдөөгүй олдвор

Перугийн эргийн дагуу хэлтийх нарны гэрэлд археологич Милош Герш, Роберто Пиментел Нита нар эртний хиргисүүр булшны жижиг нүхэн тасалгаануудыг нээх үед нутгийн ажилчид тойрон цугларцгаав. Зузаан, хүнд хөрзөн тоосгонд мянга гаруй жил дарагдсан эдгээр жижиг тасалгаанд заримынх нь дээр гүрвэл, эсвэл инээмсэглэж буй хүний царай дүрсэлсэн шавар домбонууд байх аж. Герш хамгийн сүүлийн тасалгааны хөрзөн тоосгыг хөшиж онгойлгоод “Эндээс их муухай үнэр гарч байна” хэмээн нүүрээ үрчийлгэн амандаа үглэв. Тэгээд хээ хуаргүй нэгэн том ваарны доторх руу болгоомжтой өнгийлөө. Тэнд нэгэн цагт ваарны доторх зүйлд татагдан ирсэн ялааны үлдэгдэл, илжирч муудсан авгалдай зэрэг л байна.

Археологич босч зогсоод 1200 жилийн настай тоосыг өмднөөсөө гөвөн унагаав. Эль-Кастилло-де-Уармей хэмээх энэ газар гурван жил малтлага хийх хугацаандаа тэрээр нэгэнтээ хүний махаар хооллоод дууссан өт хорхойноос эхлээд ваарны ёроолд цагариглан үхсэн могой, газар доорх нүхнээс бөөнөөрөө гарч нисэн, ажилчид руу довтлох хорт зөгий гээд үхэл амьдралын санаанд оромгүй олон мөчлөгтэй учирчээ.

Гершт олон хүн Эль-Кастиллод хайгуул хийх амаргүй, цаг болоод мөнгө гарзадсан ажил хэмээн сануулж байв. Энэхүү аварга том толгодын энгэрийг булш тоногчид сүүлийн зуун жилийн турш тонож, хамгийн сайн чанарын нэхмэл даавуунд ороон, алт эрдэнэсээр гоёсон эртний хүний араг яс бүхий булш бунхныг хайн хаа сайгүй сэндийчжээ. Лима хотоос машинаар дөрвөн цаг явж хүрэх тогоо хэлбэрт энэхүү даваа нь энд тэндгүй ухсан нүх, эртний хүмүүсийн ясны үлдэгдэл, эдүгээ цагийн хог, таар шуудай дүүрэн байх нь сарны гадаргуу болоод хогийн цэгийн нийлмэл дүрийг санагдуулна.

үргэлжлэл: nationalgeographic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж