Ёкозүна Хакүхо 31 дэх түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.28-нд нийтлэгдсэн

Ёкозүна Хакүхо 31 дэх түрүүгээ хүртлээ

Хакүх М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 31 дэх түрүүгээ авч, алдарт Чиёнофүжи аваргын амжилтыг давтлаа.

Мэргэжлийн сүмогийн Аки башё өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр башёг тэргүүлж байсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал ёкозүна Какүрюү М.Анандтай барилдаж, ялснаар түрүүллээ. Ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлж байна.

Монголын шинэ од Ичиножёо А.Ичинноров тэмцээний найм дахь өдөр Икиойд, өчигдөр ёкозүна Хакүход унаснаар энэхүү башёг 13 даваатай дуусгалаа. Өнөөдөр тэрээр Аминишкиг давсан юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням 50 хувийн амжилт үзүүлж, мэргэжлийн сүмод 70 жилийн дараа дээд зиндаанд 40 настай бөх найм ялсан түүхэн амжилтын эзэн болоод байна.

Мөн энэхүү башёг озэки Кисэносато, озэки Котошёогикү нар 9 даваатай өндөрлүүллээ.

Намрын тэмцээний түрүү бөхчүүд:

Макүүчи -Ёкозүна Хакүхо ("Миягино" дэвжээ)

Жюүрёо-  Точиношин ("Касүгано" дэвжээ)

Макүшита – Абико ("Ойтэказэ" дэвжээ)

Сандамэ – Такаги ("Кисэ" дэвжээ)

Жонидан – Хамагүчи ("Кисэ дэвжээ")

Жонокүчи Рюүдэн ("Такадагава" дэвжээ)

Намрын тэмцээний тусгай шагнал:

Кантошёо дайчин барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Шүкүншё гарамгай барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Гиношёо уран барилдааны шагнал – Аминишики ("Исэгахам" дэвжээ) тус тус хүртжээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж