С.Бямбацэрэн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.28-нд нийтлэгдсэн

С.Бямбацэрэн мөнгөн медаль хүртлээ

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг, 97 кг, эмэгтэй 55 кг, 75 кг-ийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 75 кг-д О.Бурмаа нар барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгө, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 4 мөнгө, 10 хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас 11 байрт бичигдээд байна.

 

20.00 цаг.

Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа  Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга Японы бөх Коуки Хамагучитай барилдаж, 3:1-ийн харьцаагаар яллаа.

Гэрэл зургийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос илгээв.

 

19.30 цаг

Эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн алтан медалийн төлөө олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Японы Саори Йошидатай барилдаж, 1:12-ын харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Азийн аваргын хүрэл медальт Киргизийн бөх Айсулуу Тунебыковаг 0:2, 4:2 онооны харьцаагаар ялж, Азийн аварга БНАСАУ-ын бөх Ин Сун Жонгыг цэвэр ялснаар шигшээ барилдаанд шалгарсан юм.

18:46 цаг.

Эрэгтэй 97 кг жингийн хүрэл медалийн төлөө Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга Өмнөд Солонгосын бөх Чанюк Ёонтой барилдаж, 3:1-ийн харьцаагар яллаа.

Гэрэл зургийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос илгээв.

16.20 цаг.

Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр барилдсан Монголын бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд С.Бямбацэрэн алтан медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд О.Бурмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

 

Эрэгтэй 65 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Сирийн бөх Чамара Минзаг 10:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Японы бөх Томоцугу Ишидад 0:2, 0:2 онооны харьцаагаар ялагдлаа. Японы бөх нь дараагийн тойрогт ялагдсанаар Б.Батмагнай медалийн төлөө барилдах боломжгүй боллоо.

 

Эрэгтэй 97 кг-ын жинд барилдаж буй Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга болон Азийн аварга Рейза Язданитай барилдаж, 0:2, 0:4 онооны харьцаагаар ялагдсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Чанюк Ёонтой барилдана. Энэ жинд алтан медалийн төлөө Ираны бөх Рейза Яздани, Киргизийн бөх Магомед Мусаев нар шалгарлаа.

 

Эмэгтэй 55 кг-ын жинд барилдаж буй олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Азийн аваргын хүрэл медальт Киргизийн бөх Айсулуу Тунебыковаг 0:2, 4:2 онооны харьцаагаар ялж, Азийн аварга БНАСАУ-ын бөх Ин Сун Жонгыг цэвэр ялснаар шигшээ барилдаанд шалгараад байна. Тэрээр алтан медалийн төлөө олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Японы Саори Йошидатай барилдана.

 

Эмэгтэй 75 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Энэтхэгийн бөх Жоутитэй барилдаж 10:0-оор яллаа. Мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын бөх Фенг Зхоуд 0:1, 2:2 онооны харьцаагаар ялагдав. О.Бурмаа хүрэл медалийн төлөө Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга Японы бөх Коуки Хамагучитай барилдах юм. 

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

14.10 цаг.

97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга Ираны бөх, дэлхийн аварга Реза Язданид 0-6-аар ялагдлаа.

Гэрэл зургийг Б.МӨНХЗУЛ.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг, 97 кг, эмэгтэй 55 кг, 75 кг-ийн жингийн барилдаан болно.

Манай бөхчүүдээс эхлээд 65 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 75 кг-д О.Бурмаа нар барилдана.

 

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж