Сар сараар монгол хүнийг залхуу хойрго, архичин, бэлэнчлэгч болгож байгаа Монголын төрийн бодлого. Сар болгон ажлын байр бий болгох тухай харин нэг ч хууль санаачлахгүй юм даа…Энэ бол манай сайтад сэтгэгдэл бичсэн жирийн нэг иргэний харуусал. Ажил хийе, орлогоо нэмэгдүүлье гэснийг нь огт сонсохгүй мөртлөө ам ангайгаагүй байхад өөдөөс мөнгө амлаад, цацаад, ам таглаад байгаа төрийн бодлогыг өөрөөр юу гэж үнэлэх вэ?
Саяхны нэг хуралдаан дээр Хүүхдийн мөнгийг сар бүр олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, Ардчилсан намын бүлгээс хуулийн төслийг дэмжсэн байр сууриа танилцуулахад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Бид хүний хөгжлийн сангаас сар бүр 10 мянган төгрөгийг ирэх наймдугаар сараас эхлэн иргэн бүртээ өгөх, ирэх оноос 20 мянга болгож нэмэгдүүлэхээр болсон шүү дээ” гэж даапаалав. Энэ жил өгөхөөр амласан 120 мянгаа ирэх жил 240 мянга болгож нэмэгдүүлэх юм гэнэ. Хамар дор хагархай бий гэсэн шиг арай ч ингэж амны зоргоор ярьж болдоггүй байх аа. УИХ-ын гишүүд гэж чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй дархан эрхтэй хүмүүс. Тийм ч учраас жирийн иргэн байсан бол аль хэдийн “аав”-ын хаалга татчихаар үгийг тэд л аймшиггүй ярьдаг байх.
Эхэндээ мэдлэгтэй мэдлэггүй, туршлагатай туршлагагүйгээрээ бие биенээ дарладаг байсан нөхдүүд одоо бүлтэй бүлгүйгээрээ бие биеэ дарладаг болоод байгаа нь энэ. МАХН 44 суудалтай, Ардчилсан нам 28 суудалтай учраас Ардчилсан намын гишүүний хэлсэн үг, гаргасан санал нохой хуцсан дайны хүчгүй болчихоод эрдэж байгаа нь энэ. Уг нь энэ хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулаад, хамтарсан бодлого гаргахаар хэлэлцэж тохирон, гар барилцсан юм. Үүнийхээ шанд Ардчилсан намынхан “субботник” хийж, “ах” намынхан үр дүнг нь хүртдэг болов. Сонгуулиар авсан суудлынхаа тоог үл ойшоон сөрөг хүчнийхээ статусыг хагас дутуу засгийн эрхээр сольсон нь Ардчилсан намынхны буруу байгаад гор нь гарч байгаа юм гэж бодоход тэднийг сонгосон Монголын ард түмний тал хувь нь иймэрхүү алагчлалд өртөж, доромж амсах ёсгүй байлтай. Долдугаар сарын 1-ний эсэргүүцлийг намжаахын тулд цөөнх болсон намдаа найр тавьсан тухайн үеийн МАХН-ын даргын занганд орсон нь Ардчилсан намынхны буруу байсан бол түүнийхээ хариуцлагыг нам л хүлээх ёстой гэсэн үг. Харин тэр хариуцлага нь одоо харагдаж байгаагаар бол хүүхдийн мөнгийг 20 мянга болгох сонгуулийн амлалтаа биелүүлсэн эсэхээр хэмжигдэх учиртай юм.
Учир нь хүүхдийн мөнгө гэдэг улс төрийн хүчнүүдийн хувьд нэг л намын “пиар”-ыг ахиулах бодлого болж харагдаж байгаа бол нийт монголчуудын хувьд ирээдүй хойчдоо хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, халамжийн хамгийн зөв бодлого байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. “Талх гуйсны хариуд чулуу шиддэггүй” гэж үг бий. Тэгээд ч энэ мөнгө эрх барьж байгаа хоёр намын гишүүдийн халааснаас биш, татвараа төлчихөөд зарцуулалтыг нь нэхэж буй жирийн иргэд, сайн муу хэлүүлж 20 жил зах зээл дээр тэмцсэн Монголын бизнесмэнүүдийн халааснаас гарч байгаа гэдгийг тооцсон ч эрх барьж байгаа хоёр нам энэ асуудал дээр эрх биш нийгмийнхээ захиалгыг сонсох үүрэгтэй билээ.
Саяхан бид Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, иргэн бүрийн 120 мянгыг дэмжсэн гишүүдээс өөрсдөөс нь “Та 70 мянган төгрөгөө авсан уу?” гэж асуухад дийлэнх нь “Аваагүй, авах ч үгүй” гэж хариулсан. Тэгээд бүр “Хэрэгтэй хүнд нь өгчихсөн ч яах вэ” гэж баярхсаныг яана. Энэ бол эрхэм гишүүд маань гаргасан шийдвэрээсээ өөрсдөө хүртэл ичиж, нэрэлхэж явдгийн энгийн л нэг жишээ. Олонд танигдсан, нэрд гарсан, өөрсдийгөө нийгмийн элит хэсэг гэж бодсон хүмүүс “хүнийг хөгжүүлдэг” 70 мянган төгрөгийг авахаар банкинд дугаарлахаасаа ичдэг юм байна. Тэгвэл өөрсдөд нь хүртэл ичгүүртэй санагдаад байгаа тэр шийдвэрийг эртхэн дээр нь цуцалж, илүүдэл болоод байгаа мөнгөө хүүхдүүддээ зориулж яагаад болохгүй гэж. Ингэхдээ баян, ядуу гэж алагчлалгүй, аав ээжийнх нь амьжиргаагаар үр хүүхдээ шоодолгүйгээр хүүхэд нэг бүрт.
Тэгвэл танай хүүхэд лав “Манай аав УИХ-ын гишүүн болохоор” гэж эрдэхгүй, ардын хүүхэд бас “Миний аав ээж ядуу учраас” гэж уруудахгүйгээр энэ нийгмийн эрх тэгш гишүүн, ив ижил үүрэг хариуцлагатай иргэн болж төлөвших болно. Хэрэв бидэнд ямар нэг хэмжээгээр хуримтлал байгаа бол шүү дээ. Түүнийг нь хүртэх ёстой, хүртэх эрхтэй хэсэгт нь л зориулья. Энэ л нийгмийн шударга ёс, халамжийн зөв зүйтэй бодлого болох болно.
Дунд сургуульд /социализмын үед гэсэн үг л дээ/ байхад анги, бүлэг бүрт нэг хэдэн өнчин өрөөсөн хүүхэд байдаг байлаа. Тэгээд тэднийг ангийнх нь хүүхдүүдийн дунд “хагас өнчин үү, бүтэн өнчин үү” гэж цоллож байгаад улсаас яг ижил гутал хувцас, цүнх хэрэгсэл тарааж өгдөг байв. Тэгж их сүр дуулиантайгаар “нийгмийн халамж”-ийг хүртсэн ангийн маань найзууд нэг л их гэм хийсэн хүн шиг биднээс бэргэж, дуу муутай явдаг байсан сан. Ийм их гарз хохиролтой халамжаар ирээдүйгээ яллаад яах ч юм билээ.
Өмнө нь бид “70 мянга чинь инфляцийг хөөргөдөөд, амьжиргааг маань дээрдүүлэх биш доройтуулаад байна, үүнээс чинь болж мах, будааныхаа үнийг хүчрэхээ байлаа” гэдгээс авахуулаад “ДНБ-ий тэдэн хувь нь хилээр гараад явчихлаа, экспорт бууж, импорт өслөө”, “Ажилгүйдлийг дэмжиж, ажил хийдгээ шуллаа” гээд л өөрсдөдөө хүртээлтэй, хүртээлгүй зөндөө зүйлийг олон удаа улигласан даа. Түүнийг нь тоодоггүй юм байж хамаагүй. Гэвч эцсийн эцэст шударга ёс гэж нэг юм байдаг. Энэ шударга ёсыг бий болгох нь Ардчилсан намын батлахтай нөхөд ажилтай байхаас ч илүү алсын бодлого болно гэдгийг намын даргад нь бас сануулмаар. Үүний төлөө “ах” намдаа ямархуу “бойкот” хийх нь харин та нарын хэрэг.
Багадаа бас нэг түүх сонсож билээ. Баян айлын мал маллаж амь зуудаг ядарсан, бэлэвсэн эмэгтэй байж. Өглөө малаа дагаад гардаг, үдшийн бүрийгээр хонио хотлуулаад эзнийдээ орхисон балчир хүүгээ орж авахад хөлсөө гартал уйлж, өлсөж ядарсан амьтан угтдаг байжээ. Айлын эзэгтэйгээс “Миний хүүг хооллосон уу” гэж асуухад “Тэгэлгүй яах вэ. Танай хүү өдөр ийм хоол идсэн, орой тараг өгөөд” гээд л намжирдаад тараг, сүүнд халтартсан дээлийнх нь энгэрийг заадаг байж. Эмэгтэй нэг удаа зориуд хониноосоо түрүүлж ирээд баян айлын хатавчаар шагайхад айлын хүмүүс нялх хүүг нь тойроод суучихсан аягатай хоолноосоо халбагадан аманд нь бариад л, амаа ангайгаад өмөлзөхөөр нь энгэрт нь ч нэг нялж, хацар аманд нь тараг түрхээд тохуурхан инээлдэж байсан гэдэг. Яг үнэндээ манай төрийнхнөөс үзүүлж байгаа зарим нэг халамжийг харахаар энэ түүхийг ярьж өгмөөр санагдаад байдаг юм.
Б.СЭМҮҮН