Өмнөд Африкийн Дурбан хотноо болж буй шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг охидын найман насанд Д.Мөнхзул тэргүүлж байгаа бол хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр хоёрдугаар байрт жагсаж байна.
Тэмцээний охидын найман насанд Монгол Улсаас Д.Мөнхзул, Б.Амин-Эрдэнэ нар тоглож буй. Тэд өчигдөр найм дахь өрөгт оноолт таарсан бөгөөд Д.Мөнхзул хожсоноор 7,0 оноотой болж, тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Б.Амин-Эрдэнэ 5,5 оноотой VI байрт бичигдэж байна. Хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр ХонгКонгийн тамирчинг хожиж, 7.0 оноотой болсоноор хоёрдугаар байрт жагсаж байна. Энэ насанд ОХУ-ын Маковеев 7,0 оноогоор тэргүүлж байна. Тус тэмцээнд 9 монгол оролцож байгаагаас хоёр нь Канад улсын нэрийн өмнөөс оролцож байна.
Найман өргийн дараах дүнг танилцуулья:
ХӨВГҮҮД:
8 нас: Е.Төгстөмөр – 7,0 оноогооp II байр
10 нас: Г.Амартүвшин – 5,5 оноогоор 17-р байр
12 нас: Э.Баасансүрэн – 4,0 оноогоор 51-р байр, Ц.Ашид – 3,5 оноогоор 62-р байр
14 нас: Ц.Бат-Эрдэнэ -5,5 оноогоор 28-р байр
18 нас: Н.Даваа-Очир (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 3,0 оноогоор 51-р байр.
ОХИД:
8 нас: Д.Мөнхзул – 7,0 оноогоор 1-р байр, Б.Амин-Эрдэнэ 5,5 оноогоор 6-р байр
16 нас: Н.Даваасүрэн (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 4,0 оноогоор 40-р байр тус тус эзэлж байна.
2014 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн ирэх мягмар гаригт буюу есдүгээр сарын 29-нд өндөрлөнө.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Г.ОЮУНЧИМЭГ.