Интэрнэт хэмээх энэ том ертөнцтэй танилцаж аялаж эхэлснээс хойш мөн ч их юм олж авч бас алдаж. Аливаа юм сайн муу хоёр талтай.Сайвтар муу, муувтар сайн гээд ангилбал бүр ч олон талтай. Шинэ мэдлэг мэдээлэл, шинэ найз нөхөд, хөгжим кино гээд олж авч чадсан маань мундахгүй их ч алт шиг цаг хугацаа,стрэсс дарамт, элдэв айдас гээд алдсан нь бас багагүй.Хүмүүсийг хамгийн их донтуулж магадгүй олон мянган жил нэг их айхтар өөрчлөгдөөгүй үндсэн шинж чанаруудыг нь ч ойрын жилүүдэд өөрчилж магадгүй тэр том туршилтынх нь эхний "Туулай"-нууд болчихоод явж байна шүү дээ бид чинь. Юу гэхэв дээ Дарьбазар минь? Иймээс сайнтай муутай нь ялгаж хандаж өөрсдийн удаан байх орчин нөхцлөө эрүүл цэвэр, гэгээлэг мэдээллэг байлгаж байж бид өөрсдөө бас сэтгэлийн хувьд амар амгалан сэтгэцийн хувьд эрүүл байх мэт санагдана.Муу муухайг бичихгүй түүнийг уншихгүй түгээхгүй байх нь эхний ээлжинд өөртөө болон өрөөлд хүргэх хамгийн том тус мэт.Бусдад зөв ашигтай мэдээлэл мэдлэг түгээх, сайн сайханд уриалан дуудах, сайхныг мэдрүүлэх, хүмүүсийг ойртон нөхөрлүүлж найз нөхөд болгох анхан зорилгоос нь аажмаар холдуулж хэнийг ч үл хайрлах асар том аймшигт "Мутант" болгож байгаа олон нийтийн сүлжээгээ олон нийт нь өөрсдөө аварч өөрсдөө л цэвэрлэж чадна шүү дээ. Интэрнэт,олон нийтийн сүлжээний талаар үзэл бодлоо илэрхийлсэн шог зургууд зураач гэж хүссэн олон найз нөхдийнхөө хүсэлтийг нэг доор нь бөөндчихье…Хамтдаа тунгаан бодоцгооё…Хамтдаа цэвэрлэцгээе…
Эх сурвалж: baabar.mn