Довтлогч Давид Вилья багтаа дахин ялалт авчирснаар Европын аварга испаничууд түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Йоханнесбург хотын Эллис парк болсон цэнгэлдэхэд хоёр баг хоёул 11-ийн цохилт алдаж, хачирхалтай үйл явдал болсон бөгөөд багтаа ялалт авчирсан цорын ганц гоолыг Вилья оруулснаар Парагвайн шигшээг 1:0 харьцаатай буулган авчээ.
Португальтай хийсэн тоглолтод мөн цорын ганц ялалтын гоолыг оруулж байсан Вилья тоглолт өндөрлөхөөөс долоон минутын өмнө гоолдсоноор дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор ганцаараа тэргүүлж эхэллээ.
Тэд ирэх мягмар гаригт дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээтэй финалд өрсөлдөх эрхийн төлөө тулалдах учиртай. Өмнө нь тэд “Евро-2008”-ын финалд таарч, испаничууд 1:0-ээр хожиж байсан билээ.
Тоглолтын дараа “Ялагдашгүй Армада”-гийн дасгалжуулагч Висенте дел Боске “Бид тийм ч сайн тоглосонгүй. Учир нь бөмбөг эзэмшилт маш бага байлаа. Гэхдээ бид дэлхийн шилдэг дөрвөн багийн нэгт багтлаа. Дараагийн өрсөлдөгч маань Герман, одоогоор тэд хамгийн шилдэг нь байна” хэмээн ярьжээ.
Анх удаагаа шөвгийн наймд өрсөлдсөн парагвайчууд тоглолтын эхэнд гоолдсон ч отон тоглолт байсан учир шүүгч тооцоогүй. Хоёрдугаар хагас эхлээд 59 дэх минутад багтаа тэргүүлэл авчрах боломж Оскар Кардозод тохиосон ч торгуулийн цохилтыг дэлхийн шилдэг хаалгачдын нэг Икер Касильяс амжилттай хаасан. Улмаар сөрөг довтолгоонд орсон испанид 11-ийн цохилт гүйцэтгэх боломж олдсон ч Хаби Алонсогийн цохилтыг хаалгач хааж чадсан юм.
Өмнөх шатанд Японыг хожсон бүрэлдэхүүнд дасгалжуулагч Жерардо Мартино зургаан ч өөрчлөлт оруулсан байсан бол Испани өмнөхийн адилаар 4-4-2 гэсэн зохион байгуулалттай талбайд гарсан. Тоглолтын дараа ноён Мартино “Бидэнд боломж байсан ч харамсалтай нь ашиглаж чадсангүй. Гэхдээ яая гэхэв. Дэлхийн аваргад бахдам амжилт гаргасан тоглогчдодоо баяр хүргэхийг хүсч байна” гэжээ.
Тоглолтын 41 дэх минутад Нельсон Валдезийн цохилт байгаа оносон ч Кардозо отон тоглолтод орсон байсан учир шүүгч гоолыг тооцоогүй юм. Тоглолтын хоёрдугаар хагаст Жерард Пике Кардозогийн гараас зуурч, улмаар шүүгч 11-ийн цохилт гүйцэтгэх эрх олгосон. Харамсалтай нь, “Бенфика”-гийн тоглогч Кардозогийн цохилтыг Касильяс тун амжилттай хааж, аюулгүй болгожээ. Улмаар сөрөг довтолгоонд орсон Испанийн довтлогч Вилья дээр Антолин Алькараз алдаа гаргаснаар испанид торгуулийн цохилт гүйцэтгэх боломж олдсон. Ингээд Алонсо 11-ийн цохилт цохиж, хаалгач Хусто Вилларыг хуурч, бөмбөг хаалганд орсон боловч Гватемалагийн шүүгч Карлос Батрес цохилт гүйцэтгэхээс өмнө тоглогчид 11-ийн шугам дотор орсон байсан хэмээн Алонсогоор дахин цохилт хийлгэсэн юм. Харин энэ удаад Парагвайн шигшээ багийн ахлагч Виллар алдаагаа залруулж, цохилтыг амжилттай хаасан байна.
Гэхдээ Вилья 83 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Педрогийн дамжуулалтаар ялалтын гоолыг оруулсан юм.
Ийнхүү Парагвай дэлхийн аваргыг орхисноор тэдний хөрш Уругвай Өмнөд Амеикийн цорын ганц төлөөлөл болон үлдлээ.
С.ЦЭЛМЭГ