Марадонагийн мөрөөдлийг үгүй хийв

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Марадонагийн мөрөөдлийг үгүй хийв

Марадонагийн мөрөөдлийг үгүй хийв

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг энэ жилийн дэлхийн аваргад рейтинг өндөртэй байсан домогт хөлбөмбөгч Диего Марадонагаар удирдуулсан Аргентиний багийг 4:0 харьцаатай бут ниргэж, хагас шигшээд шалгарлаа.

Кейптаун хотын төв цэнгэлдэхэд болсон тоглолт арвин туршлагатай довтлогч Мирослав Клозегийн хувьд олон улсын тавцан дахь 100 дахь тоглолт нь байснаас гадна тоглолтын туршид дубль хийснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт 14 гоолтойгоор нутаг нэгт Герд Мюллерийн хамт бичигдэх болов.

Энэ жилийн дэлхийн аваргад тэсрэлт хийж, ногоон дэвжээнээ гялалзаж буй Германы 20 настай залуу тоглогч Томас Мюллер Английг 4:1-ээр буулган авахад сүүлийн хоёр гоолыг оруулсан бол энэ удаад ердөө гурав дахь минутад тооны харьцааг нээжээ. Тэрбээр ийнхүү Өмнөд Африкийн зүлгэн талбайд дөрөв дэх гоолоо оруулсан бол шигшээ багийнхаа төлөө 77 дахь тоглолтдоо оролцсон Арне Фридрих 74 дэх минутад тооны харьцааг 3:0 болгож, олон улсын тавцанд анхны гоолоо оруулсан байна.

Супер оддоор багаа бүрдүүлсэн Аргентиний шигшээд нарийн нягт зохион байгуулалттай “Германы машинууд”-ын хамгаалалтын шугамыг сэтлэх боломж бараг л гараагүй. Хэдийгээр 36 дахь минутад Гонзало Игуаин гоолдсон ч отон тоглолтод орсон байсан нь нүдний өмнө ил байлаа. Дэлхийн шилдэг тоглогч Лионель Мессиг дэлхий нийтээрээ харж, түүнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан ч тэрбээр ганц ч гоолгүй нутаг буцаж байна.

Ийнхүү дэлхийн аваргын дэвжээнд хүчирхэг багийн эсрэг гайхалтай тоглолт гаргаж, Англи, Аргентиний шигшээг дараалан бут ниргэсэн “Гоолын машинууд” хагас шигшээд Испани болон Парагвайн багийн ялагчтай тоглох юм. Харин хоёр шар картны эзэн болсон Мюллер тэр тоглолтыг өнжинө.

Олон улсын тавцанд ердөө долоохон тоглолтод оролсон Мюллер тоглолтын гурав дахь минутад Бастиан Швайнштайгераас хөндлөн дамжуулалт хүлээн авч, мөргөснөөр бөмбөг Серхио Ромерогийн хаалганд орсон. Тооны харьцааг нээсэн энэ гоол энэ жилийн дэлхийн аваргын хамгийн хурдан (2:38) гоол байснаас гадна Мюллер өөрөө гоол оруулсан хамгийн залуу (20 нас, 273 хоног) тоглогч болсон юм.

Гоолоос хойш Мюллер багийнхаа тэргүүллийг бататгаж, тооны харьцааг 2:0 болгох боломжтой мэдрэмжтэй дамжуулалтыг Клозед өгсөн ч туршлагатай довтлогчийн цохилт хөндлөвчний дээгүүр өнгөрсөн.

Тоглолтын 36 дахь минутад Тевезийн дамжуулалтаар Игуаин тооны харьцааг тэнцүүлэх гоол оруулсан ч хажуугийн шүүгч отон тоглолт хэмээн туг өргөсөн юм. Давтан бичлэгээс үзэхэд Аргентиний дөрвөн тоглогч отон тоглолтод орсон байсан нь харагдсан.

Өнгөрсөн улиралд “Бавари”-ийн бүрэлдэхүүнд Мюллерийн сүүдэрт халхлагдаж, ихэнх хугацааг сэлгээний суудалд өнгөрүүлсэн Клозе 68 дахь минутад Лукас Подольскийн тусламжтайгаар ойрын зайнаас бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Тооны харьцаа 2:0 болов. Улмаар тоглолт өндөрлөхөд 16 минут дутуу байхад Фридрих Швайнштайгерийн дамжуулалтаар гоолдсоноор Диего Марадона болон түүний цэргүүдийн хүсэл мөрөөдөл талаар өнгөрсөн.

Хэрэв түрүүлвэл гудамжаар нүцгэн гүйнэ хэмээн ам алдсан дасгалжуулагч Марадона баруун жигүүрийн хамгаалагч Николас Отомендиг суулгаж оронд нь хагас хамгаалагч Хавьер Пасторег талбайд гаргав. Тэрбээр мөн довтлогч Серхио Агуэрог сэлгээгээр гаргасан ч тусыг эс олж, германчууд довтолгоогоо үргэлжлүүлж, хамгаалалт нь суларсан өрсөлдөгчийнхөө хаалганд дахин гоол оруулжээ.

Харин энэ удаад 89 дэх минутад Озилийн дамжуулалтаар Клозе гоолдсоноор Бразилийн домогт Рональдогийн амжилтыг эвдэж, дэлхийн аваргын түүхэн дэх шилдэг мэргэн бууч болох зорилготой ирсэн тэрбээр зорилгодоо нэг алхам ойртсон юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж