Навч “судлах” зугаалга

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Навч “судлах” зугаалга

Чи анзаарсан уу? Нэг мэдсэн чинь л бүх навч шарлачихаж. Энэ үеийг нь ашиглаж намрыг мэдрээд авахгүй бол ахиад нэг л мэдэхэд бүх навч газарт шингээд байхгүй болчихно. Хөл доор навчис хөглөрдөг үе ихдээ 14 хоног л үргэлжилдэг. Тэгэхээр ойрхон таарах аль нэг амралтын өдрийг тааруулан навч судлал хийцгээе.

Алхам 1: Зөөлөн ноосон цамц, намхан ултай гутлаа өмсөөд гараарай. Цүнхэндээ зузаахан ном хийгээд утасныхаа цэнэгийг шалга. Замд чинь хальсанд буулгаж авахад тохиромжтой ямар ч торгон агшин таарч мэднэ шүү.

Алхам 2: Гараад замдаа таарсан мод, бут болгоны доор унасан навчийг ажигла. Улиас, шинэс, хайлаасны навчис бүгд хоорондоо ялгаатай. Бутнууд бол бүр ч олон төрлийн хэлбэр, өнгө бүхий навчистай. Үзэмжтэй, өмнө нь таараагүй, гандах явцдаа их гоёмсог өнгөтэй болсон төрөл төрлийн төрлийн навчсыг цуглуулж номон завсраа хавчуул. Дор хаяж 10 төрлийн навч цуглуулах зорилт тавиарай.

Алхам 3: Гэртээ хариад цуглуулсан навч болгон дээрээ мод, бутных нь нэрийг үзгээр бичиж, хэрвээ мэдэхгүй байвал гэрийнхэн, найзуудаасаа асууж гүйцээгээрэй. Тэгээд бараг нээдэггүй номныхоо завсар хийж хатаах юм уу дэвтрийн цаасан дээрх наамал болго. Наасан цаасныхаа дээр он сар өдрөө бичиж зургийн цомог шиг болгон бэлтгээрэй. Ингээд л чи 2014 оны намрыг үүрд хадгалаад авчихлаа. Хэрвээ илүү гарвал тэднийгээ ашиглан ийм бүтээлч ажлууд хийж ч болно:

1. Шилэн дотор навчнуудаа наагаад дотор нь лаа асааж гэртээ намрын уур амьсгал оруул. Навчны үнэр гэрээр дүүрэн анхилах болно.

2. Навчаа үл ялиг хатаасныхаа дараа жижиг цаасны хутгаар дундаас нь зүрхэн хэлбэртэйг зүсч аваад гэрийнхээ ойролцоох модонд хувцасны хавчаараар хавчиж тогтоо. Дээр нь үг бичсэн ч болно. Хайртыгаа орой ирэхэд нь гадаа дагуулж гараад гэнэтийн бэлэг бариарай.

3. Хэрвээ чамд навчин сийлбэр хийх тун амархан юм шиг санагдвал хичээж байгаад урлагийн бүтээлийн дайны юм хийж ч болно. Гэхдээ нэлээд их цаг хугацаа шаардагдана л даа.

4. Харин чамд ганц нэг залуугаараа өтөлсөн ногоон навч таарсан бол цаг хугацааны өөрчлөлтийг харуулсан ийм гоё бүтээл хийгээд жаазлан гэртээ өлгөж болно. Үнэхээр бүтээлчээр сэтгэнэ гэж энийг л хэлдэг байх.

5. Навч судлах зугаалгыг хүүхдүүдтэйгээ хамт хийвэл хорвоотой танилцсан хөгжилтэй туршлага болох болно. Харин хүүхэддээ мод болгоных нь нэрийг зөв зааж өгөхийн тулд өөрөө эхлээд сайн судалсан байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: goolingoo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж