Хойд хөршийн нийслэл Москва хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээний эхний өдөр зодоглосон манай тамирчдаас Д.Амартүвшин Монгол улсын баг тамирчдаас анхны медалийг зүүлээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүх жинд нийт 23 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр буюу эхний өдөр Д.Амартүвшин /60 кг/, Ч.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, С.Энхзаяа /63 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар Москвагийн татамид гарч барилдлаа.
Өнгөрсөн жил болсон “Универсиад” их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан Д.Амартүвшин энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд Монголын жүдо бөхийн шигшээ багийн авьяаслаг, шинэ залуу тамирчин юм. Тэрбээр тэмцээний 60 кг-ын жинд өрсөлдөж, эхний тойрогт Бельгийн бөхийг юүко үнэлгээгээр, дараагийн тойрогт Мороккогийн шилдэг тамирчин Яссинь Моудатирийг цэвэр, гурав дахь барилдаандаа Казахстаны Еркебулан Коссаевтай барилдаж, юүко үнэлгээгээр буулган авснаар хүрэл медалийн төлөө Францын жүдоч Софиян Милоусыг цэвэр ялжээ. Медалийн өнгө хувиргах барилдаанд манай тамирчин Голландын бөх Жероен Моорентай барилдаж, ижил юүко үнэлгээтэй байсан боловч цаг дуусах мөчид цэвэр ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Ийнхүү Д.Амартүвшин Олон жүдо бөхийн холбооны чансаа, нэр хүнд, шагналын сан өндөртэй “Их дуулга” ангилалд багтах чанартай тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Дашрамд дурдахад, 60 кг-ын жинд 46 тамирчин өрсөлдсөн байна. Мөн энэ жинд зодоглосон манай тамирчин Ч.Болдбаатар эхний барилдаандаа хийлж, улмаар Франц, Японы бөхийг ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Москвагийн “Их дуулга”-ын тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн тухайд манай хоёр шилдэг жүдоч оролцсон боловч харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Тус жинд нийт 50 жүдоч өрсөлдсөнөөс Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар хоёул эхний хоёр тойрогт хийлж, гуравдугаар тойрогт дэлхийн аварга Х.Цагаанбаатар Британи, удаахь барилдаанд Францын бөхийг ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын шилдгүүдийн Муса Могушковт цэвэр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харин С.Мияарагчаагийн тухайд гуравдугаар тойрогт Гүржийн бөхийг цэвэр ялсан ч дараагийн барилдаанд Азербайжаны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн Г.Пүрэвдорж Киргизстаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол мөн энэ жинд С.Ням-Очир Унгарыг бөхийг ялсан ч Бразилийн жүдоч Бруно Мендокад ялагджээ.
Мөн өнөөдөр Москвагийн татамид зодоглосон манай эмэгтэй жүдочдын тухайд 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт гаргалаа.
Харин 52 кг-д Б.Солонго эхний тойрогт ялагдсан бол 57 кг-д Д.Сумъяа мөн эхний тойрогт, харин Т.Баттөгс нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Түүнчлэн 63 кг-ын жингийн ангилалд Ц.Мөнхзаяагийн хамт өрсөлдсөн С.Энхзаяа эхний барилдаандаа Германы бөхөд ялагдсан байна.
Тэмцээний үлдсэн жингийн барилдаанууд маргааш болох бөгөөд манай баг тамирчдаас Р.Анхбаатар /81 кг/, Д.Нямхүү /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/, О.Жавзмаа /+78 кг/ нар барилдана.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ