“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Засгийн газрын тэргүүн хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багц нэг бүрийн төсвийн саналыг эцэслэн тохирсон, удахгүй УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ. Хэмнэж, тэвчиж болох урсгал зардлуудыг нэлээд танасны зэрэгцээ орон нутгийн удирдлагуудад төсвийн эрх мэдэл өгөх санал боловсрууллаа. Суманд барих сургууль, цэцэрлэгийг Засгийн газар заах биш орон нутаг өөрсдөө бие даан шийдэж, төсвөө удирдах эрх олгох гэж байгаагаараа энэ удаагийн төсөв онцлогтой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Үүнтэй холбогдуулж сайд нарын төсвийн багцаас орон нутагт шилжүүлж, нэг салбарын худалдан авалтыг нэгтгэж төвлөрүүлэх гэх мэт зохион байгуулалт хийснээр урсгал зардлыг багагүй хэмжээгээр танасан гэлээ. Иймд яам, агентлагууд цаашид орон нутгийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтод халагдахын өмнөх арга хэмжээ авсан. Барьж дөнгөж дуусч буй Нисэхийн замыг 5 хэсэгт хуулж, газар доогуурх шугам хоолой тавьж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл учраас хариуцлага тооцсон. Бүтээж босгосноо буцааж эвдэн байж шугам хоолой тавих биш зам тавихаасаа өмнө холбогдох байгууллагуудтай ярилцаж тохироод энэ ажлаа хийчихсэн байх ёстой. Ийм тэвчишгүй үйлдлийг төрийн байгууллагууд давтаж болохгүй шүү гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудад хатуу санууллаа. Энэ мэтчилэн ажлын уялдаа холбоогүй байгаа зарим яамыг нэгтгэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналыг удахгүй эхлэх УИХ-ын чуулганаар хэлэлцүүнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногийн эхэнд Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг хүлээн авч, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцах тухайгаа цахим хурлын үеэр хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж