Жүдочид Москвагийн татамид амжилттай барилдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.03-нд нийтлэгдсэн

Жүдочид Москвагийн татамид амжилттай барилдаж байна

Жүдочид Москвагийн татамид амжилттай барилдаж байна

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангилалд багтах 154 мянган ам.долларын шагналтын сантай олон улсын тэмцээн өнөөдөр Москва хотноо эхэллээ. Дэлхийн 55 улсын 500 орчим жүдочид өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүх жингийн ангилалд эрэгтэй 13, эмэгтэй 10, нийт 23 тамирчин шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Насантогтох, дасгалжуулагч П.Нямлхагва, Х.Эрдэнэт-Од нарын удирдлага дор хүч сорьж байна.

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай баг тамирчдаас Д.Амартүвшин /60 кг/, Ч.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, Г.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, С.Энхзая /63 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар Москвагийн татамид зодоглож байна.

Одоогийн байдлаар манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Г.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Солонго, 57 кг-ын жинд Д.Сумъяа, Т.Баттөгс, 63 кг-ын жинд С.Энхзаяа нэг ба хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар болон чансааны гуравдугаарт эрэмбэлэгдээд буй С.Мияарагчаа нар тэмцээний дүрмийн дагуу эхний хоёр тойргийн барилдаанд хийлсэн бөгөөд гуравдугаар тойргийн өрсөлдөгчдөө ялаад байна. Британийн бөх Жон-Рене Бадрикийг ваза-ари үнэлгээгээр ялсан Х.Цагаанбаатар дөрөвдүгээр тойрогт Францын бөх Флоран Уранитай барилдаж, мөн ваза-ари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын жүдоч Муса Могушковтой барилдахаар болжээ. Харин С.Мияарагчаагийн тухайд Гүржийн бөхийг ялсан бөгөөд одоо Азербайжаны шилдэг жүдоч Тарлан Каримовтой хүч үзэх юм.

Түүнчлэн 73 кг-ын жингийн ангилалд дэлхийд 11-рт эрэмбэлэгдсэн С.Ням-Очир мөн эхний хоёр барилдааныг өнжсөн бөгөөд гуравдугаар тойргийн барилдаанаа Унгарын бөх Сандор Тарабатай хийнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөж буй Ч.Болдбаатар эхний тойрогт хийлж, улмаар Франц, Японы бөхийг дараалан ялснаар медалийн төлөө Италийн жүдоч Элио Вердетэй барилдахаар болжээ. Мөн энэ жинд хүч сорьж буй Д.Амартүвшин Бельги, Морокко, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, хүрэл медалийн төлөө Францын бөх Софиян Милоустай барилдахаар болоод байна.

Манай эмэгтэй жүдочдын тухайд хамгийн хөнгөн буюу 48 кг-ын жингийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ Бразил, Хятадын бөхчүүдийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол 63 кг-д барилдаж буй Ц.Мөнхзаяа Киргизстан болон Өмнөд Солонгосын бөхийг дараалан унагаж, медалийн төлөө барилдахаар болжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж