Азийн наадмын талбайн теннисний тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хос болон багийн төрлүүдэд болж байна. Манай улсаас М.Бадрах, Б.Оюунбат, С.Сүхжаргал, Д.Эрдэнэбаяр (эрэгтэй) болон А.Жаргал, Г.Дөлгөөнжаргал, Э.Болор, Э.Эрдэнэсүрэн (эмэгтэй) нарын тамирчид оролцож байгаагаас эрэгтэйчүүд тэмцээнээ дуусгажээ.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ОУХМ М.Бадрах Оман улсын теннисчин Омраныг 6:0, 6:1-ийн харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт шалгарсан ч БНСУ-ын тамирчин Чой Мин Юк (1:6, 2:6) ялагджээ. М.Бадрахын энэхүү ялалт манай талбайн теннисчдийн Азийн наадмын анхны ялалт болж байна. 1998 оноос хойш дөрвөн Азийн наадамд оролцсон талбайн теннисчид хараахан ялалт байгуулаагүй байсан юм.
Харин ОУХМ Э.Дүүрэнбаяр, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Дөлгөөнжаргал, Э.Эрдэнэсүрэн нар эхний тойрогтоо ялагдлаа. Багийн төрөлд манай эрэгтэй баг Филиппинд 0:3, эмэгтэй баг Казахстанд 0:3-ын харьцаагаар хожигджээ. Казахстаны эрэгтэй баг Азийн наадмын аварга болсон бол БНХАУ мөнгө, Узбекстан, Японы багууд хүрэл медаль хүртсэн байна. Мөн эмэгтэй багийн төрөлд Тайваны теннисчид түрүүлж, БНХАУ мөнгө, Япон, Казахстаны бүсгүйчүүд хүрэл медаль хүртлээ.
Азийн наадмын талбайн теннисний тэмцээн ирэх мягмар гаригт (09.30) өндөрлөнө.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛ