Далай ламд виз зөвшөөрөөгүйг Нобельтнууд эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Далай ламд виз зөвшөөрөөгүйг Нобельтнууд эсэргүүцэв

 

Нобелийн энх тайвны шагналтнуудын олон улсын чуулган ирэх аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах юм. Гэвч Өмнөд Африкийн Засгийн газраас Түвдийн Далай ламд виз олгохоос татгалзсан нь эсэргүүцэл дагууллаа. Далай ламд виз зөвшөөрөөгүйг эсэргүүцэж, Нобелийн энх тайвны шагналтан зургаан эмэгтэй Кейптаунд болох олон улсын чуулганд оролцохгүй хэмээн бойкотложээ. Өмнөд Африкийн Засгийн газар Далай ламд виз олгохоос татгалзсан нь Хятадын мэдэлд орших Түвдийг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэгч буддын шашны тэргүүнээс болж Бээжингийн эрх баригчдыг уурлуулахаас эмээсэн хэрэг аж. Үүнээс өмнө Өмнөд Африкийн Засгийн газар Хятадтай харилцаагаа муутгахаас эмээн Далай ламд виз олгохоос гурван удаа татгалзсан хариу өгч байжээ.

 

Бойкот зарласан эмэгтэйчүүд нь Америкийн энх тайвны тэмцэгч Жоди Уилламс, Либерийн Лейма Гбови, Хойд Ирландын Мейрид Корриган, Ираны өмгөөлөгч Ширин Эбади, Йемений сэтгүүлч Таваккол Карман, Газрын мина хориглох олон улсын хөдөлгөөний төлөөлөгч нар аж. Өмнө нь Далай ламд виз олгохыг ятгасан захидлыг Нобелийн энх тайвны шагналтан 14 эрхэм Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зумад илгээж байжээ.

 

Нобелийн энх тайвны шагналтнуудын олон улсын чуулган анх удаагаа Өмнөд Африкт ирэх аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй юм. Өмнөх чуулганууд нь Италийн Ром, Францын Парис, АНУ-ын Чикаго, Польшийн Варшав хотуудад болж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж