Монголын сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Азийн шилдэг найман багийн нэг боллоо. Ердөө хоёрхон жилийн өмнө олон улсын тэмцээнд очоод навс хожигдчихоод ирдэг байсан сагсчид хэрхэн ийн гэнэтийн тэсрэлт хийв ээ. Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Монгол-БНСУ-ын тоглолтын дараа манай шигшээгийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогттой уулзаад “Танай улсын сагсан бөмбөг өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. 2-3 жилийн өмнө л учраа олохгүй шахам байдаг байсан. Одоо бол жинхэнэ утгаар нь сагс тоглож байна. Богино хугацаанд маш том дэвшил гаргажээ, баяр хүргэе” гэжээ.
Үнэхээр богино хугацаанд өндөр амжилт гаргасан нь үнэн. Одоогоос хоёр жилийн өмнө бол Монголын сагсан бөмбөг уналтад орсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо нь өр ширэнд баригдаж, тоглогчид нь тарж бутарсан, лигийн тоглолт үзэх үзэгчгүй шахам л байсан. Энэ нь даамжирсаар 500 гаруй сая төгрөгийн татварын өртэй тус холбоог шүүхээс эрх зүйн чадамжгүй хэмээн зарлахад хүрсэн. Монголын сагсан бөмбөгийн спорт ийм л гунигтай байдалд ороод байв.
Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гарч ирсэнээр шаварт унаад байсан энэ спортыг өнөөдрийн амжилтад хөтлөх замд нь оруулсан билээ. Тус холбоо Үндэсний супер лигийг сагсан бөмбөг өндөр төвшинд хөгжсөн орнуудын жишгээр мэргэжлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ нь Монголын шигшээ Азийн шилдэг найман багийн нэг болоход гол жин дарсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэхийн тулд мэргэжлийн түвшний лигтэй, мэргэжлийн тоглогчид, шүүгчтэй байх хэрэгтэй. Энэ спортод дутагдаж байсан “Мэргэжлийн” гэх тодотголыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бий болгож чадсан. Энэ нь ч Инчонд үзүүлсэн манай сагсчдын тоглолтоос харагдлаа. Үүнд нь сагсан бөмбөг сонирхогчдоос гадна Монголийн олон нийт өдгөө талархаж байна.
Х.ТҮВШИН