Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр Хууль зүйн дэд сайдаар томилогдсон Ц.Уугангэрэлд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Э.Эрдэнэжамъян өнгөрсөн онд Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан захидал илгээснийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн юм. Ингээд мөрдөн шалгаж, прокуророос хэргийг нь хянаад шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлаас Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 2-т зааснаар Түүнийг шүүх бүрэлдэхүүн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан билээ.
М.ЯЛАЛТ