“Сонгодог диваажин”.. Бодол хөглөн эгшиглэх хийлийн гунигт аялгуу. Тайтгатгарал, тайвширал, ухаарал, энэ орчлонгийн мөн чанарыг таниулах мэт. Чих даран сонсох үзэгчдийн сэтгэл хаан нэгтээ, магадгүй амьдралаас авч болох хамгийн дээд таашаал, тайтгарал хийлийн чавхдаст нуугджээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр буюу есдүгээр сарын 25-нд дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг хийлийн дөрвөн чавхдасаар хөглөж үзүүллээ. Үзэгчдийн сайн мэдэх “Загалмайлсан эцэг”, “Cinema paradiso” зэрэг алдартай кинонуудын аязыг Улсын филармоны найрал хөгжимчдын бүрэлдэхүүнтэйгээр М.Хулан хийлчийн гоцлолоор тоглосон нь маш онцлог байлаа. М.Хулан хийлч “Classic paradiso” тоглолтыг гоцолсон бол тоглолтын найруулагч, удирдаач, төгөлдөр хуурчаар Б.Анар ажилласан юм.
Удирдаачид тайзан дээр тухайн тоглогдож буй бүтээлийн талаарх мэдээллийг өгөөд байдаг нь ховор. Тэгвэл Б.Анар удирдаач үзэгчиддээ дан ганц тухайн бүтээлийн тухай товч мэдээллийг өгөхөөс гадна олон сонирхолтой хөгжмийн түүхийн тухай хуваалцаж байсан нь тоглолтыг улам сонирхолтой болгож байсан юм. Үзэгч сонсогч, сонгодог урлаг сонирхогчдын хувьд хэзээч мартахааргүй нэгэн үдэш болсон болов уу гэх бодолч төрж байлаа. Тайзнаа аяз тоглогдож эхлэхэд дуурийн театрын танхим нам гүмд автаж, үзэгчид амьсгаа даран тухайн бүтээлийг хүлээн авч сонсох ажээ. Харин аяз тоглогдож дуусахад үзэгчдийн алга ташилтын нүргээн дуурийн театрын танхимд цуурайтаж байлаа. Уг тоглолтонд дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвисан алдартай бүтээлүүдийг хийлийн нанидан найруулга бүхий бүтээлүүдийг хүргэж, дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид болох M.Bruch, P.Mascagni, P.I.Tchaikovsky, F.Chopin, S.Rachmaninov, S.Prokofieff, G,Gershwin, A.Piazzolla, C.Gardel, J.Williams болон Италийн алдартай хөгжмийн зохиолч E.Morricone нарын уран бүтээлүүдийг эгшиглүүлж хүрэлцэн ирсэн үзэгчдэд хүрэгсэн юм.
Гоцлол хөгжимчин М.Хулан хийлч нь 2009-2011 оны хооронд ОХУ-н Екатеринбург хотын М.П.Мусоргский-н нэрэмжит хөгжмийн дээд сургуульд, 2011-2014 онд ОХУ-н Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистерын зэрэгтэйгээр Монголын хамгийн анхны хийлчин, багш, симфони найрал хөгжмийн хөгжимчин, цөөхүүл найрал хөгжимчидын хөгжимчин мэргэжилээр дүүргэж Эх орондоо юу сурсанаа тайлагнасан нь энэ.
Э.ТЭКҮ