Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан эхэллээ

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан дөнгөж сая Төрийн ордны Их танхимд эхэллээ. Анхдугаар хуралдаанд барагцаагаар 800 орчим хүн оролцож байгаа юм. Тус хуралдааны нээлтэд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн бол Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Монголын улстөрд үзэл бодлын өрсөлдөөн үгүй болов. Улсын төсөв яаж ч нэмэгдсэн хөгжил харагдахаа байж, сонгууль улам бүр луйврын мэдэлд шилжив. Засаглал сайнгүй байхад уул уурхайн их баялаг нээгдсэн нь дампууралд хүргэж болзошгүй болов. Тиймээс Ардчилсан хүчний холбооны зорилго бол 20 жилийн өмнө тунхаглаад мартчихсан “Монгол Улсад Засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэсэн тэр заалтыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа чиглүүлэхэд оршино” гэлээ.
Байгуулагдаад удаагүй байгаа Ардчилсан хүчний холбоо нь 15 аймаг, нийслэлийн таван дүүрэгт салбар зөвлөлөө байгуулжээ. Гишүүдийнх нь 81.2 хувь нь дээд боловсролтой. Тэдний 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой юм байна. “Монголоо шинэчилье” уриатай энэхүү холбоо нь ардчилсан үзэлтэй бүх хүмүүсийг эгнээндээ нэгтгэхийг зорилгоо болгож байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй.
Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Үүний дараа зургаан салбар хуралдаан болно.  
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж