Парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав

Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2014.09.25/ Парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоноглоод байна. Түүнчлэн парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчилж шаардлагатай техник хэрэгслээр тоноглосноор парламентын сэтгүүлчид Төрийн ордонд мэдээ, сурвалжлага бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий, чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломжоор хангагдсан тусгай өрөөтэй болж байгаа юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, 2012 онд Улсын Их Хурлын Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж байна. Бид УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн үеийн техник технологид тулгуурлаж түргэн шуурхай алдаа мадаггүй, олон нийтэд нээлттэй байх зорилгоор энэхүү шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү шинэ өөрчлөлтүүд нь дэлхийн Парламентын ёс хөгжсөн шилдэг туршлагатай орнуудын жишээг авч хэрэгжүүлж байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хууль баталж байх үйл явцыг иргэдэд илүү хүргэх чиглэлээр хийгдэж байгаа юм. Өмнө нь зөвхөн хэвлэлийн өрөө гэж нэг өрөө байсан бол одоо хоёр өрөөтэй болж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон өрөө тохижуулж ашиглалтад оруулж байна. Энэ оны 08 дугаар сарын 01-ээс тоон системд шилжсэнтэй холбогдуулан техник технологийн шаардлагад нийцүүлсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр парламентын үйл ажиллагааг явуулахаар болж байна гээд мөрдөж буй дүрэм, журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэж байхыг хүсэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, “Цахим парламент” төслийн хүрээнд хийгдсэн технологийн шинэчлэлийн ажлуудыг танилцуулав. Хуралдааны танхимуудын программ хангамжийг шинэчилсэн, Олон улсын парламентад хэрэглэдэг микрофонт гарыг суурилуулж өгсөн. Германы “Bosch” брэндийн энэхүү гар нь анх удаа монгол хэлний цэс суулгаж өгснөөрөө онцлог юм. Үүнээс хойш Германы “Bosch” брэндийн үйлдвэрлэгдэж буй хуралдааны бүтээгдэхүүнд /гар/ монгол хэлний цэс суудаг болж буй нь онцлог юм  гээд сэтгүүлчдэд зориулсан өрөөний талаар танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэх болсон үндэслэл, шаардлага, олон улсын жишиг”-ийн талаар мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын Тамгын газар “Цахим парламент” төсөл хэрэгжүүлсэн, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны болон байнгын хороодын хуралдааны танхимд тус тус техникийн шинэчлэл хийсэн, сэтгүүлчдийн өрөөг шинээр байгуулж чуулганы хуралдааны дуу , дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломж бүрдсэн, Төрийн ордны тогтоосон цэгүүдэд ярилцлага авах боломжтой болсон зэрэг үндэслэл гарч ирсэн. Тиймээс дээрх үндэслэлүүдийн дагуу Улсын Их Хурлын даргын 2013 оны 165 дугаар Захирамжийн хавсралтаар баталсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ үндсэн дээр журмын төслийг боловсруулж Парламентын сэтгүүлчдийн холбооны саналыг авч албан ёсоор журамд тусгасан хэмээн онцоллоо. Мөн журмын төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд танилцуулж зөвлөлийн гишүүдийн саналыг авсан. Дээрх үндэслэл, шаардлагад тулгуурлан Улсын Их Хурлын дарга 145 тоот Захирамж гаргаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэн баталсан тухай танилцуулав. Мөн тэрээр хэлэхдээ, Ардчилал хөгжсөн болон хөгжиж буй орнуудын практикт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн өрөө /Press Galerey/ байдаг. Бид дэлхий нийтийн жишгээс хоцрох ёсгүй, энэхүү журамд шинээр орж ирсэн зохицуулалтууд нь нэгт, мэдээллийн технологийн хөгжлийн хурдац, хоёрт, олон улсын жишигт үндэслэсэн болохыг мэдэгдэв.

Мөн сургалтын үеэр 2014 оны 03 дугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблейн сургалтад хамрагдсан парламентын сэтгүүлч Б.Ууганбаяр тус улсын Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар парламентын сэтгүүлчид хэрхэн сурвалжлага хийж буй тухай туршлагаасаа хуваалцав. Тэрээр хэлэхдээ, БНСУ-ын Үндэсний Ассамблейг сурвалжилдаг сэтгүүлчид Press Room-д үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ассамблейн сурвалжлагчид гишүүдтэйгээ нүүр тулж уулзах тохиолдол бараг тохиолддоггүй хэмээн хэлж байв. Сургалтад Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах үнэмлэх бүхий 70 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, сонирхсон асуултаа асууж байв. Сургалт 2 цаг үргэлжиллээ хэмээн Улсын ИХ Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж