Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож байна.
Эмэгтэй баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж, 79:53-ын харьцаагаар хожлоо. Энэхүү тоглолтод хамгаалагч Д.Ганзул 34 оноог авч шилдэг нь байсан бол Г.Баярцэцэг 16 оноогоор багтаа тусалжээ. Ийнхүү манай баг үлдсэн тоглолтод ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлэх боломжтой болж байна.
Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж буй. Манай баг эхний тоглолтод ХонгКонгт дөрвөн оноогоор хожигдсон. Өчигдөр Катартай тоглох байсан ч техникийн хожил авсан билээ. Харин өнөөдөр Казахстаны багийг хожсоноор хэсгээсээ нэгээр шалгарах боломжтой болж байна. Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх баасан гаригт (09.27)Непалийн эсрэг хийнэ.
09.23 Монгол – ХонгКонг 64-68
09.24 Катар – Монгол 0-20
09.25 Монгол – Казахстан 79-53 (Казахтаны баг Дэлхийд 49, Азид 9-т бичигдэж байна.)
09.27 Непаль – Монгол
Урьдчилсан шатнаас хоёр баг гарах бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь БНСУ, хоёрдугаар байраар шалгарсан нь БНХАУ-ын багтай шөвгийн наймд өрсөлдөх юм.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
Эмэгтэй: Б.Хос-Эрдэнэ, О.Болортуяа, Б.Солонго, Г.Золзаяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Энхдэлгэр, З.Цолмон, Г.Баярцэцэг, Б.Алтанзаяа, И.Долгор.
Дасгалжуулагч Б.Мандуул (МСБХ-ны мэргэжлийн зөвлөлийн дарга), туслах дасгалжуулагчаар Д.Энэбиш (МУБИС-ийн багш)
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР