УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дөнгөж сая парламентын сэтгүүлчдэд сургалт зохион байгуулж, есдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын даргын баталсан “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-ыг танилцууллаа. Танилцуулга сургалтад УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд,тус хэлтсийн ахлах референт Б.Янжинлхам, референт Ш.Содномжамц нар оролцсон юм. Өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилж, олон нийтийг мэдээллээр хангахаар хэвлэл мэдээллийн 98 байгууллага Төрийн ордонд нэвтрэх 214 ширхэг тусгай үнэмлэх авсан байдаг ажээ. Ингэхдээ өдөр тутмын сонинд тус бүр гурав, өргөн нэвтрүүлгийн телевизэд тус бүр дөрөв, кабелийн сувагт хоёр, өдөр тутам 5000-аас доошгүй хандалттай вэб сайтуудад хоёр, гэрэл зургийн агентлагт нэг үнэмлэх олгодог юм.
УИХ-ын Тамгын БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим парламент” төслийн хүрээнд УИХ-ын чуулган хуралддаг төв танхим болон байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан зохион байгуулдаг бага танхимуудыг дуу, дүрс бичлэгийн өндөр төвшний техник хэрэгслээр тохижуулсан байна. Үүний үр дүнд УИХ-ын нэгдсэн хуралдаан болон салбар хуралдааныуудыг сурвалжлахад илүү дөхөм болсон гэж үзсэн тул шинэчилсэн журмыг боловсруулжээ. Юун түрүүн УИХ-ын гишүүдээс ярилцлага тодруулга авах тусгай цэгийг тогтоож өгчээ. Ингэхдээ УИХ-ын чуулганы төв танхим болон А,Б,В,Г танхимуудын үүдэнд соёмбо үсэг, “Улсын их хурал” гэсэн бичиг бүхий тусгай хана босгож, сэтгүүлч сурвалжлагч нарыг тус хананы дэргэд УИХ-ын гишүүдээс ярилцлага тодруулга авч байхаар журамд заажээ. Тусгайлан заасан таван газраас өөр газарт ярилцлага авахыг хориглосон энэхүү заалт парламентын сэтгүүлчдийг гайхашруулж орхив. УИХ-ын гишүүдээс яриа авна гэдэг сэтгүүлчийн хувьд хөлийн хурд, авьяас шаардсан ажил байдаг. Хүсэлт тавьсан болгонд яриа өгөөд байдаг уриалгахан түшээ тун ховор. Ороо морь шиг тэднийг хэн нэг нь “уургалаад” авсан бол уур бусад нь дагалдахаас аргагүйд хүрдэг. Энэхүү үйлдэл нь Төрийн ордныхонд огтхон ч таалагддаггүй ажээ. УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар “Та бүхэн олон нийтэд зориулж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг. Гэтэл мэдээллийн хөтөлбөр үзэж байхад ярилцлага өгч буй гишүүдийн цаана ариун цэврийн өрөө, хоолны газрын лого харагдаж байдгийн дээр нарийн хонгилд /корипор/ сэтгүүлчид багшраад бусад хүмүүс зөрөх зайгүй болгох нь ч бий. Тиймээс тогтоосон таван газарт яриа, ярилцлагаа авч занших хэрэгтэй. Энэ нь үзэгчдэд ч таалагдана” гэж байлаа.
Сэтгүүлчдийн хувьд УИХ-ын чуулган, байнгын хороо, бусад салбар хуралдаануудад оролцох боломжтой бол зураглаачдын хувьд хуралд биечлэн оролцолгүй тусгайлан тоноглосон өрөөнөөс дүрсээ авч байхаар журамласан нь зарим хүнийг бухимдахад хүргэв. Телевизүүд нэг үйл явдал, нэг газраас мэдээлэл бэлтгэдэг ч өөр өөрсдийн өнцгөөс, өөр арга барилаар мэдээгээ түгээдэг. Телевизийн мэдээ, мэдээллийн амин сүнс нь дүрс байдаг. Гэтэл зураглаач нарыг хуралдааны танхимд оруулахгүй байхаар заасан нь багагүй эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн юм. “УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга та өмнө нь телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан. Тэгэхээр сэтгүүлч бидэнд тулгардаг бэрхшээлийг мэдмээр юм даа” гэсэн хатуухан үгийг ч дуулгаад амжив. Өнөөдрийн байдлаар 16 өргөн нэвтрүүлгийн телевиз, 15 кабелийн телевизийн уран бүтээлчид Төрийн ордноос мэдээ мэдээлэл бэлтгэн нийтэд цацдаг. Дээр дурдсан 214 үнэмлэхээр давхардсан тоогоор 1021 сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, зурагчин ажилладаг. Тэдний бараг л тал хувь нь зураглаач нар байдаг болов уу. Тэдний хувьд бусадтай давхцаагүй, сонин содон дүрс буулгах гэж 8-15 кг ачаа үүрэн гүйгээгээрээ ажилладаг билээ. Хөгжиж буй болоод хөгжингүй улс орнуудын дийлэнх нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа үйл ажиллагааг сурвалжлах хатуу дэг жаягтай байдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч хичнээн чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж байлаа ч хүнээс илүү “мэдрэмж”-тэй байх нь юү л бол.
Солонгосын Үндэсний Ассамблейг сурвалжлах эрх бүхий сэтгүүлчид нь Ассамблейн гишүүдтэйгээ нүүр тулж уулзаж ч үзээгүй шахам байдгийн дээр хуралдааны танхимд хэвлэлийнхэн байдаггүй болохоор эрх баригч нар үзэгч, сонсогч, уншигчдад таалагдах гэж худал дүр эсгэлгүй үндсэн ажлаа чөлөөтэй, үнэнч хийж гүйцэтгэдэг гэсэн тайлбарыг солонгосчууд хэлдэг ажээ. Тийм байж ч болох талтай. Манай зарим нэр бүхий УИХын түшээд /сэтгүүлчид бол сайн мэднэ/ камер харахаараа өмнө өгүүлснээсээ огт өөр зүйл өгүүлээд эхэлдэг талтай. Үүнээс сэргийлж, гишүүдээ үнэнчээр ажиллуулах үүднээс гаргасан шинэ журамд эргэж харууштай зүйл бас бус байгааг хэлэхээс аргагүй. УИХ-ын А танхим л гэхэд гурван хаалгатай. Нэг хаалганы нь дэргэдэх тусгай цэгт УИХ-бн гишүүдийг урьж, яриа авахын тулд нэг байгууллагаас нэг биш хэд хэдэн хүн ажиллахаас аргагүй нь бололтой. Энэ мэт эргэж харууштай, сэтгүүлчдээс илүүтэй УИХ-ын гишүүдээс шалтгаалан хэрэгжихгүй байж мэдэх заалт бас байна лээ шүү, УИХ-ын дарга аа.
Д.ЦЭЭПИЛ