-Монголын баг тамирчид “Шинэ Дели-1982” Азийн зуны спортын IX дэх наадамд үзүүлж байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014-т эвдээд байна.-
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянган гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас өнөөдрийн байдлаар 110 багц медалийн эзэд тодроод байна. Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль нийт 13 медаль хүртсэн амжилтаар БНХАУ, БНСУ, Япон, Казахстан улсын ард тавдугаар байрт бичигдэж байна.
Азийн орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг тус наадмыг Тайланд улс хамгийн олон удаа 1966, 1970, 1978, 1998 онуудад зохион байгуулжээ. БНСУ гурав, БНХАУ, Япон, Энэтхэг улс тус бүр хоёр, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулсан юм.
Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд "Шинэ Дель-1982" наадмаас гурван алтан медаль хүртэ байжээ. Харин "Шинэ Делт 1982"-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014"-т дөрөв болгон эвдлээ.
Мөн энэ удаагийн Азийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна. Тэрээр тэмцээн уралдаан үзэж, баг тамирчдаа дэмжихийн хажуугаар жүдо бөхийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
17 дахь удаагийн Азийн зуны спортын XVII наадам Инчён хотноо ирэх сарын 4-нд өндөрлөнө. Манай баг тамирчдын гол найдвар тавьж буй боксын тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Мөн Азийн наадмаас арван аварга төрөөд байгаа чөлөөт бөхийн тэмцээн ирэх бямба гариг буюу есдүгээр сарын 27-нд эхэлнэ.
Азийн наадмын мэдээллийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотоос шууд мэдээлж байна.
БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд олноороо очиж, баг тамирчдаа дэмжиж байна. Баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ