Польшийн 200 гаруй уурхайчин өнөөдөр /IX.24/ Оросын нүүрсний вагоныг хил дээр замыг нь хааж саатуулжээ. Польшийн уурхайчид Оросоос хямд илүү үнээр нүүрс импортлохыг эсэргүүцэн нүүрсний вагоны замыг хаасан талаар уурхайн үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн байна. Польш нь эрчим хүчнийхээ 90 орчим хувийг нүүрсээр хангадаг аж. Тус улс өнгөрсөн 2013 онд 76.5 сая тонн нүүрс олборлож, 10.6 сая тонныг экспортложээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн ОХУ, Чехээс 10.8 сая тонн нүүрс импортлохоор болсон нь уурхайчдын бухимдлыг төрүүлсэн байна. ОХУ-аас импортлож буй нүүрс нь Польшийн хамгийн том “Kompania Weglowa” уурхайн олборлон худалдаалж буйгаас илүү хямд үнэтэй байгаа аж. “Reuters” агентлагт мэдээлснээр уурхайчид Польшийн Засгийн газар тэдний шаардлагыг сонсох хүртэл “Бранево”-“Мамоново” хотын төмөр замын тээврийг саатуулсаар байх гэнэ. Өмнө нь Польшийн Засгийн газар Украины асуудлаар ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг харгалзан үзнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters