Уул уурхайн яамнаас салбарынхаа статистик мэдээллийг энэ оны наймдугаар сарын байдлаар гаргаж, олон нийтэд танилцууллаа. Уг статистикаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэл 655.4 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 13.4 сая тонн, алтны олборлолт 5.9 тонн, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.011.4 кг, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 260.8 мянган тонн байсан байна. Түүнчлэн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 4.8 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 65.1 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 4.7 сая баррель байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 24.8 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 66.6 хувь, газрын тосны үйлдвэрлэл 55.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ.
Наймдугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас төлбөр, хураамж, татвараар улсын төсөвт 802.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Харин экспортод 12.2 сая тонн нүүрс, 844.3 мянган тонн зэсийн баяжмал , 2.2 мянган тонн молибдений баяжмал, 207.1 мянган тонн жонш, 3.8 сая тонн төмрийн хүдэр, 68.7 мянган тонн цайр, 4.4 сая баррелийг газрын тос тус тус гаргажээ. Өнгөрсөн оныхтой харьцуулвал нүүрсний экспорт 27.6 хувь, газрын тос 45.5 хувиар, зэсийн баяжмал хоёр дахин өссөн байна.
М.СУРА