Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Намар их олон өнгөтэй. Намар өнгөтэй шигээ бас өөрийн гэсэн үнэртэй. Харин намрын үнэр өнгө шигээ тийм олон биш. Нэг тийм содон сэнгэнэсэн, сэтгэл сэрхийлгэсэн онцгой үнэр. Зугаа цэнгэлээр дүүрэн зун цаг өнгөрч налгар намар ирэхэд би яагаад ч юм дуртай. Зун надад амьдрал мэдэхгүй эрх танхил бүсгүйг санагдуулдаг бол намраас би үзэсгэлэн гоо, ухаан төгс, дунд эргэм насны бүсгүйн аалийг олж хардаг. Намар бас миний зүрхэнд хөнгөн гунигийг ухааралтай хамт үлдээдэг. Шаргал улаан гээд навчис хөглөрсөн гудамжаар алхахад намар намайг жил бүрийн тэр л ганцхан үнэрээрээ тааламжтайяа шагнана. Цаанаа л нэг тайвширч ухаан саруулжих шиг. Хөгжилтэй ч юм шиг бас гунигтай ч юм шиг агшинг надад тэр л үнэр жил бүр сануулдаг юм. Сурагч байхдаа жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өмнөх шөнө зүүд зүүдэлдэг байлаа. Хичээлдээ яараад л гэтэл хичээлээсээ хоцрох гээд л. Эсвэл хичээл орох гэтэл би сурагчийн дүрэмт хувцастайгаа биш өнгө алагласан цэцгэн хээтэй зуны даашинзтайгаа сургууль дээр ирсэн байна гээд л. Намар надад ингээд л зун дуусаж, одоо ажил амьдрал идэвхжиж, хичээл сургууль эхэлснийг, бас илүү хариуцлагатай байхыг зүүдэнд минь хүртэл сануулдагсан. Намар би бодлогошрох, аливаа зүйлийг эргэцүүлэх дуртай. Тэгээд ч тэр үү ирээдүйгээ төлөвлөх эсвэл шинэ амьдрал, огтоос шинэ зүйл эхлэхийг би дандаа намар хийж амжуулдаг. Тиймээ, намар цаг олон өнгө шигээ надад олон зүйлийг бодогдуулдаг ч зөвхөн ганцхан л шийдвэр гаргахыг, мартахын аргагүй тэр л намрын үнэрээрээ сануулж орхидог. 

Б.Эрхэмбаяр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж