Дэлхий авлигыг “үзэн ядаж” байна

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Дэлхий авлигыг “үзэн ядаж” байна

Дэлхий нийтээр авлигын хэрэгтэй багагүй тэмцэж байгаа.  Ялангуяа  Хятад улс авлига, албан тушаалтны хэргүүдтэй нэлээд тэмцэл явуулах болсон.  Тэгвэл зарим улс орон авлигын эсрэг хэрэгтэй хэрхэн тэмцдэгийг сонирхуулъя.

 

 

Виржиниа муж улсын амбан захирагч асныг авлигын хэрэгт буруутгажээ

 

Виржиниа муж Улсын амбан захирагч асан Боб Макдонел болон түүний эхнэр Мауреен Макдонел нарыг тангарагтны шүүхээс буруутай болохыг нь тогтоолоо.

 

Тэднийг бизнесменүүдээс зээл болон бэлэг хэлбэрээр 165.0 мянган ам.долларын хээл хахууль авсанд буруутгасан бөгөөд уг хэрэгт тохирох ялыг ирэх оны 1 дүгээр сарын 6-ны өдөр зарлах юм. Хосууд хамгийн ихдээ 20 хүртэлх жилийн ял авах магадлалтай ажээ. Тэгвэл Индонезийн Авлигыг устгах хорооноос тус улсын Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Жеро Вакикийг авлигын хэрэгт сэжиглэж байгааг мэдэгдсэнээс хоёр өдрийн дараа түүнийг огцрох өргөдлөө өгсөн болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Хууль бус санд 840 мянган ам.долларыг албан тушаалаа ашиглан бусдыг сүрдүүлэх замаар цуглуулан хувьдаа завшиж байсан талаарх хэргийн баримтад үндэслэн түүнийг сэжигтнээр нэрлээд байна. Сайд Жеро Вакик нь яамны хүмүүсээрээ дамжуулан зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаанаас хахууль авах, эсвэл хуурамчаар уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан нэрийдлээр "сайдын мэдлийн сан"-гийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хувьдаа мөнгө завшсан хэмээн тус улсын Авлигыг устгах хорооноос мэдэгдээд байгаа юм.

 

Иран Улсын дэд ерөнхийлөгч асан ял авч магадгүй

 

Иран улсын дэд ерөнхийлөгч асан Реза Рахимыг авлигын хэргийн улмаас шоронд хоригдох болон торгууль төлөх ял авч магадгүй байгаа талаар тус улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын засаглалын үед тус улс 11 дэд ерөнхийлөгчтэй байсан бөгөөд тэднээс хамгийн нөлөө бүхий нь Реза Рахим байжээ. Иран Улс нь эдийн засгаа хувьд шилжүүлэх, төвлөрлийг сааруулах 20 жилийн хөтөлбөрийнхөө дунд хэсэгт явж байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад үүсч болох авлигын асуудлаарх бүхий л томоохон хэргийн эцсийн шийдвэрийг Дээд шүүхийн тэргүүн Али Каменей мэдэгдэх ажээ.

 

“Хувийн хэвшил хээл хахууль өгөхөө зогсоох хэрэгтэй”

 

Камбожийн ерөнхий сайд Хун Сен  Ази, номхон далайн бүсийн авлигын эсрэг зөвлөлгөөнийг нээх явцдаа авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийнхэн болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн оролцоог шүүмжлэхийн зэрэгцээ өөрийн Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайшаав.

 

Тэрээр хэлэхдээ “Хээл хахууль өгч байгаа тал бол хувийн хэвшил гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ хувийн хэвшил хээл хахууль өгөхөө зогсоовол төрийн албан хаагчид хаанаас авах билээ. Тиймээс хувийн хэвшлийнхнийг цэвэр хөрөнгө оруулалт хийх, улмаар хахууль өгөх явдлаа зогсоохыг уриалж байна” гэжээ. Түүнчлэн “Олон улсын байгууллагуудын түгээж байгаа муу төсөөлөл, мэдээний хүнд бэрхийг Камбожтой адил олон тооны ядуу улс орнууд үүрч байна. Бид тэднийг хүлээн зөвшөөрөхгүй бол тэд тусламжийнхаа хэмжээг бууруулдаг. Энэ бол баян улс орнууд юу хүссэнээ хийж болдгийн илрэл” гэж хэлсэн байна.

 

Камбожийн Засгийн газар Авлигатай тэмцэх алба /Anti-Corruption Unit/-ыг 2010 онд байгуулсан бөгөөд их, дээд сургуульд элсэх шалгалтын үеэр бусдаас хуулах явдалтай тэмцэхээр томоохон алхмуудыг сүүлийн үед хийж буйн зэрэгцээ зөвхөн цалин авдаг “сүнс” хэмээн нэрлэгдэх болсон ажилтнуудын эсрэг ажиллагаа явуулахаар төлөвлөгөө гаргаснаа мэдэгдээд байгаа юм.

 

ОУХБХ-ны гишүүнийг  мөнгө угаасан хэрэгт саатуулав

 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Аудит, хяналтын хорооны гишүүн Кановер Ватсоныг Кайманы арлуудад мөнгө угаасан, хээл хахууль авсан хэрэгт буруутган саатуулсны дараа түүнээс ОУХБХ тайлбар шаардав.

 

Кайманы арлуудын авлигатай тэмцэх комиссар Дэвид Байнсийн хэлж байгаагаар Кановер Ватсон нь эрүүгийн болон авлигын эсрэг хуулийг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, сонирхлын зөрчилтэй, мөнгө угаасанзэрэг хэрэгт буруутгаад байгаа юм. Эдгээр хэргүүд нь Кановер Ватсоныг тус улсын эрүүл мэндийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байх үед нэвтрүүлсэн картын цахим системийн төслийн хэрэгжилтийг шалгаж эхэлснээс үүдэлтэй ажээ.

 

Б.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж