Засгийн газар 11 яамтай байхаар тогтжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар 11 яамтай байхаар тогтжээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн танхимдаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийн  дунд элдэв янзын таамаглал хөврүүлж байна. Засгийн газарт сэлгээгээр орох гэсэн “тамирчид” хэдийнээ бие халаалтаа эхлүүлж, улс төр наанаа нам тайван байгаа мэт харагдавч, цаанаа нам, эвслүүд  дор бүртээ хөдөлж эхэлсэн гэх.

Шинэчлэлийн Засгийн газарт шинэчлэл хийх процесс ерөнхийдөө Ерөнхийлөгчийн санаалчилсан “Том төрөөс ухаалаг төр”-ийн хүрээнд  явагдах нь тодорхой болж байна. 

Тодруулбал, Засгийн газар  11 яамтай байхаар тогтож чиг үүрэг нь давхацсан яамдыг нэгтгэхээр тохиролцжээ.

Хэдийгээр Ерөнхий сайд гартаа атгасан хөзрөө дэлгэх гэж яарахгүй байгаа ч ямар ч байсан  Эдийн засаг-Сангийн яам, Зам тээвэр-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч-Уул уурхайн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгаалал-Хөдөлмөрийн яам,  Боловсрол, шинжлэх ухаан- Соёл, спорт аялал жуучлалын яам зэрэг арван яамыг нэгтгэж тав болон цөөлөхөөр тогтсон байна.

Эдгээр яамдын сайдуудаас хэн нь Н.Алтанхуягийн танхимд үлдэх нь тодорхойгүй нууц хэвээр, Ерөнхий сайдын хувьд фракц, эвсэл гэхээсээ нэг баг болж ажиллаж чадах хүмүүстэй хамтарна гэдгээ намынхандаа мэдэгдсэн гэх.

“Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр  түүний танхимд “баг алсан” эсрэг бодолтой хүмүүс мэр сэр байсан. Энэ удаад Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилгыг  хангаж чадах хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв гэсэн Ерөнхий сайдыг байр суурийг олонх дэмжиж байгаа сурагтай.

Шинэчлэлийн Засгийн газар  16 яам, 19 сайдтай үйл ажиллагаа явуулж байгаа бол бүтцийн өөрчлөлтөөр яамдын тоог 11 болгоход хангалттай гэж Ардчилсан намыхан үзэж байгаа гэнэ.

  1. Гадаад хэргийн яам
  2. Сангийн яам/ЭЗХЯ/
  3. Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам
  4. Хууль зүйн яам
  5. Боловсрол,шинжлэх ухаан, соёл спортын яам
  6. Байгаль орчин, аялал жуучлалын яам
  7. Уул уурхай, эрчим хүчний яам
  8. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
  10. Эрүүл мэндийн яам
  11. Батлан хамгаалахын яам

Одоогоор Сангийн сайдаар Ч.Улаан, Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр, Зам тээврийн сайдаар А.Гансүх,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр,  Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Хөдөлмөрийн сайдаар Я.Санжмятав,  Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайхан, Соёл, спорт аялал жуучлалын сайдаар Ц.Оюунгэрэл нар ажиллаж байгаа бөгөөд  яамдын цомхотголоор тэднээс хэн нь төрхөмдөө буцах нь тодорхой бус байна. Улс төрийн хүрээнд өрнөж байгаа мэдээллээр хамгийн түрүүнд Н.Батбаяр, Д.Ганхуяг, А.Гансүх, Ч.Улаан, Ц.Баярсайхан нар Шинэчлэлийн Засгийн газраас явж магадгүй байгаа юм. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар ч шинэ Засгийн газрын танхимд үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа гэх.

“Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын цомхотголыг дэмжиж, Ерөнхий сайд танхимдаа хэнийг авч үлдэх нь бүрэн эрхийн асуудал хэмээн тайлбарлаж байгаа. Гадуур яригдаж байгаа мэдээллээр МАХН-ынхан Сангийн сайдаар О.Чулуунбатыг зүтгүүлж байгаа сурагтай. О.Чулуунбатын хувьд МАХН-ын байрны өр төлбөрийг төлсөнд нь ийнхүү найр тавьж буй бололтой. Н.Батбаяр сайдын хувьд бүтцийн цомхотголоор явж байгаа нь харин ч нэр хүндэд нь ашигтай. Сөрөг хүчний зүгээс түүнийг  огцруулах асуудлыг УИХ-ны хаврын чуулганд өргөн барьсан ч намар болтол хойшлуулсан.  Түүний хувьд огцорсноос бүтцийн өөрчлөлтөд орох нь илүү цэвэрхэн хувилбар юм. А.Гансүх нь багийнхаа эсрэг ажилласаар ирсэн, Монгол Улсыг төмөр замтай болгоход хамгийн их “садаа” болж байгаа нөхөр гэж дүгнэх хүмүүс олонх дунд цөөнгүй байна. Х.Баттулгын гарын хүн гэгддэг тэрбээр Төрөөс баримтлах төмөр замын хүрээнд тавигдах царигийн асуудал дээр багийнхнаасаа эсрэг бодолтой явж ирсэн нь худлаа биш.  Экспортын төмөр замыг барих ажлыг олигтойхон хийгээгүйгээс гадна  авто тээврийг хайхарч үздэггүй гэсэн шүүмжлэлд өртдөг хүн.  Н.Удвалын хувьд хоёр жилийн хугацаанд Н.Энхбаярыг клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргаснаас өөрөөр эрүүл мэндийн салбарт юу ч хийгээгүй гэдэг нь үнэн.  Ц.Баярсайхан сайдыг явуулах нэг хамгийн том шалтгаан нь барилгын осол аваар. Сүүлийн хоёр жилд барилгын осол аваар багагүй өссөн. Энэ мэт хариуцсан салбартаа эзэн болж чадаагүй нөхдийг хамгийн түрүүнд цэвэрлэх зөв гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч байна. Ийнхүү Ерөнхий сайд танхимдаа "их цэвэрлэгээ" хийхээр амалж, тэрхүү амлалт нь олон хүнийг нойргүй хонуулахад хүргэж буй юм. Нэг хэсэг нь сайдын сэнтий зүүдэлж, нөгөө хэсэг нь сандал суудлаа алдахвий гэсэн сэтгэлийн зовлонтойгоор Намрын чуулган эхлэхэд  есхөн хоног үлдлээ.

“Том төрөөс ухаалаг төр”-д шилжих санаачилга Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр нэг алхмаар урагшлахаар болж байна.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж