Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Төрийн ордон нам жим. Төрийн тусгай хамгаалалтынхан, үйлчилгээний ажилтнуудад ажил удах хүн байхгүй болохоор дор бүрнээ чөлөөтэйхэн, зарим нь бодолд автан суугаа харагдсан. Чоно борооноор гэгчээр болсон болоогүй холбооны тэргүүнүүд энэ байдлыг ашиглан санааны зоргоор бурж, сайхан сурталчилгаагаа хийхээр хэвлэлийн хурал зарласныг эс тооцвол ажин түжин. Харин дараагийн долоо хоногт намрын чуулган халуухан эхэлнэ. Эдийн засаг доройтож, эрх баригчид дэндлээ гэж гоншигоносон МАН-ынхан ч алга. Үнэхээр хэцүүхэн энэ цаг үед улсаа боддог зуны сар зургаа, намрын сар найм бишийг санаж жалга жалгаар нэг наадамласан төрийн түшээд маань хэзээний ажилдаа ормоор.

Нэгэнтэй УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын бүтцийн асуудал багтчихсан болохоор түүнийг хэрхэн улстөржүүлэх вэ, яаж иргэдээс үнэлгээ авах вэ гэдэг аргачилал, тактикаа сөрөг хүчнийхэн боловсруулаад, төсвийн хөрөнгөөр бариулсан цагаан ордондоо хуучин, шинэ дарга нар нь хураад сүйд байгаа дуулдана лээ. Харин Засгийн газрын тэргүүн хэнийг авч үлдэж, хэнийгээ явуулахаа боловсруулж байгаа болохоор түүний оронд УИХ-ын дарга эрчим хүчний салбарын ажил байдалтай танилцаж, өмнөөс нь шалгалт хийж явна. Төрийн тэргүүн НҮБ-ын хуралд мордсон. Ингээд л Төрийн ордон эл хуль, аниргүй ордон болжээ.  

Н.ХАНГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж