Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дунд сонирхолтой мода дэлгэрчихэв үү гэлтэй санагдах боллоо. Амьдралдаа автобусанд сууж үзээгүй хүмүүс тэдний дунд цөөнгүй. Гэтэл тэдний зарим нь нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобусанд суучихаад түүнийгээ селфидэж өдөр бүр шахам фейсбүүк хуудсандаа оруулдаг болжээ. Эгэл иргэдийн хувьд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь тийм ч сонин содон үйл явдал биш. Ялангуяа өглөө ажил цуглаж, орой тарах үеэр автобусанд юү эс болдог билээ дээ. Гэтэл УИХ-ын гишүүд, сайд, дарга нар маань ачаалал багатай сиймхийгээр автобусанд суучихаад патериа татуулж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа нь хүмүүсийн ундууцлыг төрүүлэх болжээ.
Хүмүүс ихэнхдээ гоё ганган машинаар гангарч зураг авахуулах дуртай байдаг бол УИХ-ын гишүүд биднээс эсэргээрээ автобусаар “гангардаг” болж. Сонгуулийн үед бол өөрсдийнхөө үнэгүй сурталчилгааг хийгээд байна уу гэх хардаж болохоор энэ үйлдлээ тэд хэрхэн тайлбарлах бол?
Э.ТЭКҮ