Монголын Байгалийн түүхийн музей хаалгаа бариад чамгүй хугацаа өнгөрч байна. Эдэлгээ даахааргүй муудсан барилгад музей ажиллуулах боломжгүйн улмаас буулгаж шинэ барилга барихаар шийдээд удаж байгаа ч барилгаа ч буулгаж амжаагүй байгаагийн шалтгааныг Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатараас тодрууллаа.
-Одоогийн байдлаар музейн барилгын зураг төсвийг гаргаад байна. Шинэ баригдах барилга нь одоогийнхоос гурав дахин том байх бөгөөд долоон давхар барилга байх юм. Шинэ барилгыг барьж байгуулахад нийтдээ 24 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ хэмжээний хөрөнгө мөнгийг нэгмөр гаргах боломжгүй ч ирэх оны төсөвт эхний хэсгийг тусгаж өгөх болов уу гэж найдаж байна. Юун түрүүн хуучин барилгыг буулгах хөрөнгийг шийдүүлэх хэрэгтэй байгаа.
-Үзмэрүүдээ хэрхэн хадгалж байгаа вэ?
-Үзмэрүүд тусгай фондод тун найдвартай сайн хадгалж байгаа. Үзмэрүүдээ хадгалж хамгаалахын хажуугаар сэргээн засварлах, баяжуулж нэмэгдүүлэх ажлыг бас хийж байна.
-Музей ажиллаагүй ч үзмэрээ баяжуулсаар байгаа хэрэг үү. Хэрхэн яаж баяжуулж байгаа вэ?
-Манай Байгалийн түүхийн музейд 8000 гаруй үндсэн үзмэр бий. Эдгээрээс дөнгөж 10 хувь нь л нийтэд дэлгэгдэж байгаа. Цаана нь судалж тогтоох, олж илрүүлэх арвин баялаг манай оронд байсаар байна. Удахгүй сайхан шинэ музейтэй болохоор бүгдийг нь дэлгэж олонд үзүүлэхийн дээр шинээр баяжуулах зүйл их бий. Тиймээс манай ажилтнууд жилийн дөрвөн улиралд хээр хөдөө ажиллаж, ан амьтад агнах, ургамал ногоо түүх, эрдэс баялаг олзворлох, эрж хайх, ховор эртний эд, эдлэлийг хүмүүсээс худалдан авч цуглуулж байдаг.
-Байгалийн түүхийн музейд давтагдашгүй үзмэр олон байдаг уу?
-Тун олон. Олон арван жилийн настай, ахин олдохгүй, дахин давтагдашгүй сайхан бүтээл, үзмэрүүдээ хайрлаж хамгаалах асуудал хамгийн чухал. Сүүлийн жилүүдэд байгаль экологи өөрчлөгдөхийн хэрээр амьтан ургамлын зүйл ховордсоор байгаа. Гол мөрөн, нуур ихээр ширгэснээс болж загасны төрөл улам л цөөрч байна. Дотоодын ховор үзмэрүүдээс гадна гадаадаас бэлэглэсэ, илгээсэн 3000 гаруй үзмэр бас бий. Энэ бүхнийг олонд таниулахад хуучин барилгын багтаамж үнэндээ хүрдэггүй байсан. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд маань энэ зовлонг тун сайн ойлгож байгаа болохоор шинэ барилгын төсвийг яаруухан батлуулах болов уу хэмээн хүлээж байна гэлээ.
Д.ЦЭЭНЭ