9999 шатарчны тэмцээний нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

9999 шатарчны тэмцээний нээлт боллоо

-Завхан нутагт 9999 шатарчин тоглосон үйл явдлыг Геннисийн амжилтад бүртгэнэ гэв-

“Өсвөрийн монгол шатарчид-9999” тэмцээний шигшээ тоглолтын нэгдсэн нээлт өнөөдөр  Завхан аймгийн Улиастай хотын төв цэнгэлдэхэд боллоо. 10 мянга гаруй шатарчид анх удаа Завхан нутагт нэгэн зэрэг тоглож, сум бүрээс шалгарсан шилдэг шатарчид өчигдөр Улиастай хотод чуулсан юм. Ингэснээр шигшээ тоглолт өчигдөр эхэлсэн бол өнөөдөр ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн яам, Завхан аймгийн удирдлага, албан хаагчид, шатрын их мастерууд, ахмад шатарчид, төлөөлөгчид оролцов. Мөн Завхан аймгийн “Очирваань эгшиглэн” морин хуурын чуулга, урлаг соёлын одод оролцон, ая дуугаа өргөн өсвөрийн шатарчиддаа урам зориг өгсөн юм. Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд Завхан нутгийн 24 сум бүрээс шатар тоглодог нийт 1240 гаруй хүүхэд шигшээ  тоглолтод орж буй бөгөөд өнөөдөр шилдгүүдээ шалгаруулна. Шигшээ тэмцээнд шалгарсан 100 гаруй хүүхдийг гадаадад аялах эрхийн бичиг, алт, мөнгө, хүрэл медалиар шагнах юм.

Шигшээ тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Очирваань хайрханаараа овоглосон Завхан нутагт шилдэг шатарчин хүүхдүүдийн тоглолт амжилттай үргэлжилж байна. Миний санаачилсан гурван тулгуурт бодлого хэрэгжээд зургаан жил болжээ. Бодлогын хүрээнд 666 хүүхдийг компьютертэй болгосон. 999 морин хуурч Отгонтэнгэр хайрханы бэлд хуурдсан, мөн төв талбай, наадмын талбайд тоглосон. Харин одоо гурав дахь тулгуур бодлогынхоо тайланг тавьж байна. Бид энэ удаад анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглолт хийлээ. Энэ түүхэн гавъяаг бид хамтдаа хийж чадлаа” гэж хэлсэн юм.

 Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Дэлхийн шатрын холбоонд 181 орон гишүүнээр элссэн. Миний хувьд жил бүр 100 орноор явж ажилладаг ч Монголд болж байгаа шиг гайхалтай арга хэмжээг үзэж байсангүй. Завхан аймагт 10 мянга гаруй шатарчид нэгэн зэрэг тоглосон нь аймгаа зөвхөн Монголынхоо хэмжээнд биш, олон улсад сурталчилж байгаа хэрэг юм” гэж онцоллоо.

Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулах, шатрын спортыг хөгжүүлэх, дэлхийд монгол хүүхдүүдийн авъяас, чадварыг хүлээн зөвшөөрүүлж, анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг тоглосон үйл явдлыг Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилготой юм. Тэгвэл Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Завхан аймгийн Их-Уул суманд очих үеэрээ энэхүү үйл явдлыг дэлхий нийт үнэлж, Геннисийн амжилтад бүртгэнэ гэдгийг онцолсон байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж