НИТХ-аар “Найрсаг Улаанбаатар” нэртэй нэгэн хөтөлбөрийг өчигдөр баталжээ. Уг хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгчид зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөөтэй, нарийн судалгаанд суурилсан, зүй тогтол, гадаад дотоод хүчин зүйлийг тооцож чадсан хэмээн үнэлсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд жил бүрийн нийслэлийн төсвийн таван хувийг зарцуулах аж. Хөтөлбөрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлчүүдээ ажлын байртай, ашиг орлоготой болгох гол арга зам нь аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Иргэддээ эдийн засгийн боломж олгохын тулд бид найрсаг Улаанбаатарыг цогцлоох болно” гэж онцолсон бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Боломж, өрсөлдөөнөөр дүүрэн жуулчлалын зах зээлд өөрийн нөхцөл байдал, бололцоог бодитой дүгнэж, түүнд тохирсон менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлж чадсан улс, хот, бизнес эрхлэгчид л амжилт гаргаж байна. Дараагийн жаранд бид одоогийнхоос илүү хурдтай, шинэлэг менежменттэй бүс нутгийн тоглогч байхыг хичээнэ.” Гэжээ. Дашрамд дурьдахад энэ онд Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа юм.
Д.ЦЭЭНЭ