Нэгэнтээ Ерөнхий сайдын ам алдсанчлан өндөг гэх хүнсний бүтээгдэхүүн өнөө хэр тансаг хэрэглээнд багтаж байна. Өндгийг тансаг хэрэглээнээс хасч өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн болгох зорилтын талаарх мэдээлэл өнөөдрийн Засгийн газрын мэдээллийн цаг буюу Бүтээн байгуулалтын цагийн гол сэдэв байлаа. Одоогийн байдлаар манай улсын өндөгний хэрэглээ жилд 370 саяар хэмжигддэг ажээ. Үүний 105 сая орчмыг дотооддоо үйлдвэрлэж, 65 сая өндгийг гадаадаас импортолдог. Цаана дахиад ч 200 сая өндөг үйлдвэрлэх шаардлагатай. Тиймээс НВЦ компани “Баян шувуу” төсөл хэрэгжүүлж Төв аймгийн Баянчандмань суманд шувууны үйлдвэрлэл эрхэлж, 110 сая өндөг зах зээлд нийлүүлэхээр болжээ. Харин үлдсэн орон зайг нөхөх боломж шувууны аж ахуй эрхлэгчдэд бий гэсэн үг.
Одоогийн байдлаар шувууны аж ахуй эрхлэгчид хуруу дарам цөөн байгаа хэдий ч өндөг болоод тахианы махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тансаг хэрэглээнээс энгийн, өөр тутмын хүнс байлгахад анхаарч байгааг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал онцоллоо. Тэрбээр хэлэхдээ:
-Ирэх зургаан жилийн хугацаанд манай улс өндөгний хэрэглээний 90 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч ҮХААЯ, Монголбанктай хамтран Ажигана компанид 4,9 тэрбум төгрөг, Түмэн шувуут компанид хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байгаа. Ажигана компанийн хувьд тахианы мах үйлдвэрлэлд илүү анхаарч байна. Тус компани жилд нэг сая ширхэг дэгдээхэй бойжуулахаар төлөвлөсөн нь 1990 оноос хойш тахианы махны чиглэлээр ажиллаж буй анхдагч компани болж байна гэсэн юм. Манай улс сар тутам тахианы тэжээлд зориулж 17 тэрбум төгрөгийг гадаад зах зээл рүү нийлүүлж байдаг. Энэхүү орон зайг нөхөх зорилгоор шувууны аж ахуй эрхлэгчид тэжээлийн үйлдвэрээ өөрсдөө байгуулж эхэлжээ. Товчхондоо бол ирэх хоёр жилд өндөгний үйлдвэрлэл хоёр дахин өсч, тахианы мах үйлдвэрлэлээ нийт хэрэглээний 15 хувьд хүргэх ажээ. Монгол хүмүүс жилд 10 мянган тонн тахианы мах хүнсэндээ хэрэглэдэгийн дээр хэмжээ нь жил тутам өсч буй гэнэ.
“Бүтээн байгуулалтын цаг”-ийн энэ удаагийн мэдээлэлд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудаас гадна үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Сэтгүүлчдийн хувьд тахианы мах болон өндгийг дотооддоо үйлдвэрлээд байгаа хэр нь зах зээл дээрх үнэ ханш буурахгүй байгаагийн шалтгаан, хойшид эдгээр бүтээгдэхүүн хямдрах эсэх талаар тодруулсан юм. Тэдний нэг НВЦ компанийн гүйцэтгэх захирал н.Банзрагч хэлэхдээ:
-Тахианы мах болон өндөгний үнэ буурахгүй өнөөдрийг хүрсэн нь тэжээлээ гадаадаас оруулж ирдэг, шувууны аж ахуй эрхлэгчид өөрийн гэсэн эх сүрэгтэй болж амжаагүйтэй холбоотой байсан. Гадаадаас оруулж буй бүх бүтээгдэхүүн валютын ханшийн савлагаанд өртдөг. Хойшид эх сүргээ бойжуулж, дотоодын тэжээлээр тэтгээд эхлэхээр үнэ буурах боломжтой. Бүр 20-25 хувиар бууруулах боломж бий. Одоогоор манай үйлдвэр л гэхэд өндгөө 280 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа гэлээ. Харин Ажигана компанийн ажилтан Цэцэгмаа хэлэхдээ “Манай компанийн бэлтгэн нийлүүлж буй тахианы мах импортынхоос өндөр үнэтэй байгаа нь үнэн. Бид тахианы махыг ангилж гаргадаг. Тахианы мөч, цээж мах, далавч гэхчилэн ангилсан махаа кг тутмыг нь 8-10 мянган төгрөгөөр худалдаалж байна. Манай Оргио тахианы махны чанар импортын махнаас хамаагүй өндөр байгаатай ч холбоотой. Бид цаашид мах үйлдвэрлэлийнхээ хэмжээг хоёр дахин өсгөж, 800 тоннд хүргэнэ. Үйлдвэрлэл нэмэгдэхийн дээр импортоор дэгдээхэй авахаа болихоор тахианы мах хямдарна” гэсэн юм.
Д.ЦЭЭПИЛ