“Шотландчууд хууртсан”

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

“Шотландчууд хууртсан”

Шотландын анхны Ерөнхий сайд Алекс Салмонд

 

“Шотландын тусгаар улс болох мөрөөдөлд “үгүй” гэж хэлсэн хүмүүс хууртсандаа одоо маш их бухимдаж байгаа талаар Ерөнхий сайд Алекс Салмонд мэдэгджээ. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон болон бусад улс төрчид Шотландад татвар, төсвийн зарцуулалт, нийгмийн халамжийн салбарт илүү эрх мэдэл олгоно гэсэн амлалтаасаа буцаж буйг буруутгажээ. Түүний энэ мэдэгдлээс өмнөхөн нь Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Шотландад илүү эрх мэдэл олгох асуудал Английн үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдох учир их төвөгтэй хэмээн мэдэгдсэн байна. Гэвч хэдхэн өдрийн өмнө Дэвид Камерон бусад намын лидерүүдтэй нэгдэж, Шотландад шийдвэр гаргах гол эрх мэдлүүдийг шилжүүлэх хууль батлахаа амлаж байсан юм. Харин одоо Дэвид Камерон хэлсэн үгнээсээ буцаж, “Англи, Уэльс, Хойд Ирландыг авч үзэлгүйгээр Шотландад дээрх эрх мэдлийг шилжүүлэн өгөх нь шударга бус байх болно” гэсэн нь тусгаар тогтнолынхоо эсрэг санал өгсөн хүмүүсийн  бухимдлыг  төрүүлжээ.

 

 

Шотландын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт өнгөрсөн долоо хоногт болсон ч хүлээж байснаас огт өөр дүн гарсан байна. Санал хураалтанд оролцсон иргэдийн ердөө 45 орчим хувь нь Шотландын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Уг нь санал хураалтаас өмнөх урьдчилсан судалгаагаар нийт шотландчуудын 60 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжиж байсан аж. Гэтэл үр дүн яагаад эсрэг гарах болов? Магадгүй Шотландыг нэгдсэн вант улсаас гарахын эсрэг лобби хүчтэй нөлөөлөв үү? Их Британийн зүгээс  шотландчууд нэгдсэн вант улсын мэдлээс гарснаар эдийн засгийн хувьд хохирно, ажилгүйдэл өсч, үйлдвэрлэлийн хүчин чадал буурна хэмээн лоббидож байв. Мөн Шотланд тусгаар тогтносноор НАТО, Европын холбооны эвслээс гарахыг хүртэл анхааруулж байлаа.  Гэвч эсэргээрээ Шотландын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид иргэдийг хангалттай итгүүлж чадаагүйд байж болох юм. Үүний зэрэгцээ Шотландын бүх нийтийн санал хураалт зарлагдсанаас хойш санхүүгийн зах зээл дээр компаниудын хувьцаа унах зэрэг сөрөг үзүүлэлт ажиглагдсан нь тэднийг айлгасан байх магадлалтай гэнэ.

 

Шотландын тусгаар тогтнолын төлөөх асуудал нэгдсэн вант улс дахь улс төрийн ялгаатай үзэл баримтлал дээр үндэслэжээ. Шотланд нь бусдыгаа бодвол илүү либерал. Шотланд нь Их Британийн арлын газрын тосны арвин нөөцтэй гэх хойд хэсэгт арлын бараг гуравны нэг шахам газрын хамран оршдог. Мөн Их Британи төдийгүй баруун Европын орнууд дундаа хүнд үйлдвэрийн салбар түлхүү хөгжүүлсэн орны тоонд багтдаг. Усан онгоц үйлдвэрлэл, нүүрсний уурхай, төмрийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Мөн Шотландын нийслэл хот болох Эдинбургийг Европын эдийн засгийн томоохон төвүүдийн нэг билээ.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж