Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журмын дагуу 2014 онд судалгааны тэтгэлгийг 10 шилдэг залуу эрдэмтэнд гардууллаа. Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төслөөрөө шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэхэл тэтгэлгийн зорилго оршиж буй. Докторын дараах бүтээлээрээ тэтгэлэгт хамрагдахаар энэ жил 50 орчим бүтээл ирснээс ийнхүү шилдэг 10-ыг шалгаруулсан байна. Судалгаа хийнэ гэдэг нэг хэрэг. Харин хийсэн судалгаагаа амьдралд хэрэгтэй бүтээл, бодит ажил болгох тал дээр анхаарах нь чухал гэдгийг БШУ-ны сайд тэтгэлэг гардуулах үеэр эрдэмтдэд захилаа. Тэрбээр "Дэлхийн хэмжээний асуудлыг шийдэх тэрхүү эрмэлзэл манай залуу судлаачдаас үнэртэж байгаа. Тиймээс Монголын шинжлэх ухааны маргааш гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байгаа. Бидний мөрөөдөл дэлхийн шинжлэх ухааныг диваажин болгох. Тэрхүү диваажин байгуулах ажилд та бүхэн гар бие оролцон шамдаж ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо. Залуу эрдэмтдийг дэмжин, тэдний шилдэг судалгааны ажилд олгодог тэтгэлэгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 2010 оноос хойш энэхүү тэтгэлэгийг нийт 36 хүн хүртээд байна.
Судлаачийн нэр, Байгууллага, Бүтээлийн нэр
Юндэндорж Хорлоо /ХААИС/
-Хүний болон байгалийн нөлөөгөөр бохирдож, доройтсон газрыг микро биологийн аргаар нөхөн сэргээх технологи боловсруулж, микробын бэлдмэл үйлдвэрлэх
Энхтайван Одхүү /ЭМШИУС/
-Судасны эндотель эсийн үйл ажиллагааг үнэлж, титэм судасны хатуурлаас үүдэлтэй хүндэрлээс сэргийлэх шинэ биомаркерийг оношилгоонд нэвтрүүлэх нь
Минжүүр Цэрэнбат /ШШҮТ/
-Нас барсан болон гэмтэл үүссэн хугацааг шүүх эмнэлгийн шинжилгээний аргаар тогтоох асуудал
Цагаан Мөнх-Эрдэнэ /ШУТИС/
-Авто замын гадаргуу дээр үүсдэг эвдрэл, гэмтлийг урьдчилан сэргийлж оношлох
Зэдбазар Энхжаргал /Армоно корпораци/
-Чихрийн шижин өвчтэй хүнд тохирсон гутал үйлдвэрлэлтэд шаардлагатай хөлийн өвчлөл ба морфологийн судалгаа
Ванаабаатар Батбаатар/МЭХ/
-Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхигүйжүүлсэн вакцин
Бэх-Очир Даваапүрэв/МУИС/
-Ургамлын өсөлт хөгжилт, гадаад орчны тохиромжгүй орчныг тэсвэрлэх чадварыг дэмжигч ВК-2 генийг зарим зэрлэг ургамалд шилжүүлэн суулгаж хот тохижуулалтад хэрэглэх боломжийг эрэлхийлэх
Норовсамбуу Төвжаргал /МУИС/
-Li батерейны шинэ материалын технологийн судалгаа
Цэдэнбалжир Энхбат /Физик технологийн хүрээлэн/
-Европын цөмийн судалгааны төвийн LHC хурдасгуурд ажиглагдах үзэгдлийн онолыг судалгаа
Бямбажав Түвшинтөгс /Хэл зохиолын хүрээлэн/
-Тод бичгийн модон барын номын судалгаа