Азийн худалдааг дэмжих хуралдааныг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Азийн худалдааг дэмжих хуралдааныг зохион байгуулав

Азийн Худалдааг дэмжих форум (Asian Trade Promotion Forum-ATPF)-ын 27 дугаар ээлжит чуулга хуралдаан энэ удаа манай улсад, Улаанбаатар хотноо энэ есдүгээр сард боллоо. “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыгнэмэгдүүлэх, мөн “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр болсон энэ удаагийн чуулга уулзалт-хуралдааныг МҮХАҮТ амжилттай зохион байгуулсан юм. Төрийн ордонд болсон ATPF-гийн энэ удаагийн хуралдаанд Япон, БНХАУ, БНСУ, Австрали, Малайз, Энэтхэг зэрэг 19 орны 50 гаруй төлөөлөгч, мөн Олон улсын худалдааны төвийн төлөөлөгч нар урилгаар оролцож, манай талаас Ерөнхий сайд үг хэлсэн юм. Хуралдааныг УИХ-ын гишүүн, МҮХАҮт-ын дарга С.Дэмбэрэл, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн дарга, ноён Хироюки Ишигэ нар нээсэн юм.

С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ: -Азийн орнуудын хоорондын худалдаа сүүлийн үед нэмэгдэж байна. Хэрэв бид хөрөнгө оруулалт татаж, худалдаа хийе гэж бодож байгаа бол худалдааг хөнгөвчлөхөд юуны өмнө саад бэрхшээл болж буй зүйлүүдийг арилгаж, тэдгээр нь байх ёсгүй юм. Хөрөнгө оруулагч, худалдаачин хүн тухайн улсад худалдаа хийхэд амар хялбар, экспорт, импортын нөхцөлд янз бүрийн дарамт шахал байх ёсгүй. Үүнийг олон улсын буюу Дэлхийн худалдааны байгууллагын хэлээр худалдааг хөнгөвчлөх гэдэг. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын урсгалыг Азийн орнууд хоорондоо чиглүүлж, худалдааны чиглэлийн байгууллагууд энэ тал дээр хэрхэн хамтран ажиллаж, илүү идэвхжих боломж юу байна гэдгийг энэ удаагийн форумаар бид ярилцана. Мөн дэлхий даяар хүчтэй яригдаж буй “Ногоон бизнес”-ийн талаар харилцан туршлага солилцоцгооё! “Ногоон бизнес” бол миний ярих дуртай сэдвийн нэг хэмээн онцолсон юм.

Хуралдааны нээлтэнд оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ: -Манай оронд уул уурхай, эрдэс баялгийн салбараас гадна малын гаралтай түүхий эд, ноос ноолууран бүтээгдэхүүн, мах, үр тариа, жимс жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломж их байгаа. Манай Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг тусгаж, хувийн хэвшлийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Бид бизнесийн орчныг сайжруулах, худалдаа бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч Татварын багц хуулиуд, Тусгай зөвшөөрөл лицензийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан гэж төлөөлөгчдөд дуулгалаа.

Нээлтийн дараагаар УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Ногоон бизнес, гадаадын шууд хөрөнгө оруулалт ба худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаан дахь худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавьсан. Хуралдаанаар мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллаг-“ЖЕТРО”-гийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Акико Накагава, Тайванийн Дэлхийн худалдааны төвийн менежер Лай Хуан-Лин, Олон улсын худалдааны төвийн худалдааг дэмжих институтуудыг хөгжүүлэх ахлах мэргэжилтэн Хосе Прунелло нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн олон улсын хуралдаанаар ATPF-гийн гишүүн орнуудын худалдааг дэмжих байгууллагуудыг танилцуулсанаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бүс нутгийн эдийн засгийн түншлэл сэдвээр орон орны төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Хуралдааны үеэр бид гол зохион байгуулагч байгууллага МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд гадаад худалдаанд Азийн орнуудын эзэлж буй байр суурь өсөн нэмэгдэж байна гэдэг. Тэгвэл худалдааг хөнгөвчлөхөд өнөөдөр тулгарч байгаа гол саад бэрхшээл нь юу байгаа бол..?


-ATPF нь Азийн орнуудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах зорилготой юм. Бизнес хийхэд татварын орчин чухал байдаг. Манай улсын хувьд татварын орчин сайжруулах гээд үзээд л байдаг. Гэвч санаснаар болж өгөхгүй байна. Гэтэл бусад улсуудын туршлагыг харахад татварын орчин нь маш сайн байна. Ер нь аливаа хөрөнгө оруулагч, бизнес хийх гэж буй хүн тухайн орны татварын орчинг судалдаг. Бидний хийж гаргаад байгаа алдаа дотоодын бизнес эрхлэгчдээс гадна гадаадынхныг хүртэл дарамтлах, эмээлгэх байдалд хүргээд байна. Тиймээс нийт хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулах, түүний дотор татварынхаа орчныг сайжруулахгүй бол ямар ч хэмжээнд, хичнээн гоё хөрөнгө оруулалт татах гэж оролдоод нэмэргүй.

-Монголын бараа бүтээгдэхүүнүүд Европын улсууд руу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр гардаг. Азийн орнууд руу татваргүй, хөнгөлөлттэй нөхцлөөр экспортлох боломж байгаа юу?


-Ер нь бол бий. Азийн орнуудад жишээлбэл, Зүүн хойд Азийн хувьд Бангкокын хэлэлцээрт цаашдаа манай улс оролцох бэлтгэл ажлаа хангах ёстой. Удахгүй APEC-ийн бизнесийн хурал Бээжинд арваннэгдүгээр сард болно. Ийм маягийн олон улсын эдийн засгийн чиглэлийн байгууллагын хурал зэрэг арга хэмжээнд Монгол Улс идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мөн хоёр хөршийнхөө зах зээлд орвол хөнгөлөлтийн ерөнхий схемээс гадна чөлөөт худалдаа руу чиглэх талын зүйл яригдаж байна. Худалдааг аль болох чөлөөтэй болгож, хөнгөвчлөх зэрэг нь бизнесийн орчин, амьдралд маш их ач холбогдолтой.


Тэмдэглэсэн Д.ЭНХНАРАН

Эх сурвалж: demberels.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж