О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 586 оноогоор 2-р байраар шигшээ буудлагад шалгараад байсан. Мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын мэргэн бууч, олимпийн аварга Чень Интэй халз өрсөлдөж, ялагдсан. Хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Квак Жун Хэйгтэй өрсөлдөж, 7:3-ын харьцаагаар яллаа. 

Энэ төрөлд БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд БНСУ-ын гурван тамирчин шигшээ буудлагад шалгарсан ч IV-VI байрт шалгарлаа.

Манай мэргэн бууч бүсгүйчүүд багийн дүнгээр БНСУ, БНХАУ, Энэтхэгийн багийн ард 1727 оноогоор 4-р байрт шалгарсан юм. Энэ дасгалд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Б.Мөнхзул нар 570 оноогоор 23, 24-р байрт шалгарлаа. 

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

 

Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг хүрэл медаль хүртэж, "Инчён-2014" Азийн наадмын анхны медалийг авчирсан. Өнөөдөр 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон мэргэн буучид маань багаараа IV байр эзэлж, О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголын баг жүдо бөх, буудлагын төрлүүдээс хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль, нийт 9 медаль хүртсэн амжилттай явна. Энэхүү амжилтаараа БНХАУ (15+11+12), БНСУ (13+11+10), Япон (7+8+11) улсын ард дөрөвдүгээр байрт жагсаж байна. 

Азийн наадмын албан ёсны сайт http://www.incheon2014ag.org.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

НЭМЭЛТ: 16.00 цаг.

Жүдо бөхийн 100 кг-д жинд барилдаж буй Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, + 100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж